Dark Light
Нийгэм | 2024-12-07

Энхийг сахиулагчдыг бодлогын түвшинд дэмжиж ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр болон Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөх бригадын генерал Г.Болор нар БНӨСУ-д явагдаж буй “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальонд 2024 оны арванхоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. 

Тэднийг “Хубилай” баазад айлчлах үеэр хүндэт харуул жагсан угтан авч, батальоны захирагч хурандаа Д.Эрдэнэбилэг Юнити мужийн хүн ам зүй, газар нутаг, байгаль цаг уурын онцлог, цагийн байдал, мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэлт, өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн сургалт бэлтгэл, иргэн-цэргийн харилцаа, материал хэрэгсэл, зэвсэг техникийн хангалт, баазын харуул хамгаалалт, алслагдсан сууринд бие даан үүрэг гүйцэтгэж буй салбаруудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм. Энэ үеэр Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, цаашдын тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэх тал дээр анхаарч бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.  

Түүнчлэн уг айлчлалын хүрээнд Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, бригадын генерал Г.Болор нар Юнити секторын зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хатагтай Стелла Абаёоми, Секторын командлагч бригадын генерал Виллиам Ряарастай уулзаж “UNMISS” ажиллагааны хүрээнд Юнити мужид зохион байгуулагдаж буй ажил арга хэмжээ, мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэлт, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.  

Үүний дараа хүндэт зочид Бентью хот дахь НҮБ-ын энхийг сахиулагчдаар хамгаалагдсан дотоодын дүрвэгсдийн хуарангийн нөхцөл байдал, баазыг хүрээлсэн үерийн усан дээрх усан эргүүлийн үүрэг гүйцэтгэл, “Хубилай” баазаас 14,5 км зайд байрлах “Зэлмэ” тэргүүний ажиллагааны баазын үйл ажиллагаатай танилцаж, цэргийн алба хаагчидтай уулзан энхийг сахиулах үйлсэд нь амжилт хүссэн юм.  

Айлчлалын төгсгөлд НҮБ-ын дэргэдэх Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөх бригадын генерал Г.Болор батальоны эмэгтэй энхийг сахиулагчидтай биечлэн уулзаж энхийг сахиулах ажиллагааны туршлага, сургамжаа хуваалцахын сацуу эмэгтэй энхийг сахиулагчдыг өөрийгөө хөгжүүлж, манлайлах ур чадвараа нэмэгдүүлэн, сэтгэлгээний цар хүрээгээ тэлэх, шинийг санаачлах арга ухааныг нь сэдэлжүүлсэн юм.  

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс цэргийн багаа илгээж эхэлснээс хойших өнгөрсөн 14 жилийн хугацаанд анх удаа НҮБ-ын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгч, цэргийн зөвлөхийн хамт ажиллагааны газар оронд ийнхүү айлчилсан нь одоо үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын сэтгэл зүйг өргөж, зөвлөмж, зөвлөгөө өгсөн чухал үйл явдал болсон төдийгүй “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны удирдлагад Монгол Улсын төр засаг энхийг сахиулагч дайчдадаа онцгойлон анхаарал хандуулж байдгийг харуулсан өндөр ач холбогдолтой бүхий айлчлал боллоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10