2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “залилах” болон “мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдсон нэр бүхий иргэдийн хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо.
Тодруулбал, Б.Цэрэндорж, Н.Болормаа, Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг анх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025 оны 3 сарын 17-нд шийдвэрлэж байв.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
-
Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгасан,
-
Н.Болормаа-г “залилах” гэмт хэрэгт буруутай гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,
-
Б.Цэрэндорж-ийг “залилах” гэмт хэрэгт буруутай гэж үзэн 6 жилийн хорих ял оноосон байсан юм.
Гэвч дээрх шийдвэртэй холбоотойгоор прокурор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид болон өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянан үзсэн байна.
Шүүхийн дүгнэлт: Нотлох баримт хангалтгүй үнэлэгджээ
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэрийн бүтцэд тавигдах шаардлагыг хангаагүй гэж дүгнэжээ.
Тухайлбал:
-
Цагаатгасан болон хэрэгсэхгүй болгосон тохиолдолд яллах нотлох баримтыг яагаад үгүйсгэж байгааг тайлбарлаагүй,
-
Улсын яллагчийн дүгнэлтэд үндэслэсэн нотлох баримтаас аль нэгийг нь сонгохдоо нөгөөг үгүйсгэсэн үндэслэлээ шүүх шийдвэрт тусгаагүй нь хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Мөн 2023 оны 7 сарын 27-ны өдөр гарсан давж заалдах шатны магадлалд заасан шаардлагыг биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь заалтыг зөрчсөн гэж шүүх үзжээ.
Шийдвэр: Хэргийг дахин хэлэлцэхээр болов
Иймд прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг шүүх хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэх шийдвэр гаргалаа.
Энэхүү нийтлэл нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой бөгөөд шүүхийн шийдвэрийг орлохгүй болно.
Тойм бэлтгэсэн: Шүүгч Л.Дарьсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх