Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцох эхлэлийг тавьсан Энхийг сахиулагчдын “загалмайлсан эцэг” төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал агсан Гүрийн Рагчаагийн гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний гэрэлт хөшөөнд цэцэг өргөх ёслол Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энэ сарын 28-нд болж өндөрлөлөө.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд “Гүрийн Рагчаа сан”-ийн тэргүүн Р.Эрдэнэбилэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа, ҮАБЗ-н шинжээч, дэслэгч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, бригадын генерал С.Баяр-Очир, бэлтгэл хурандаа Ц.Буянжаргал болон Г.Рагчаа агсны гэр бүл, төрөл төрөгсөд оролцлоо.
Ёслолын үеэр хошууч генерал Г.Рагчаагийн эх орондоо үзүүлсэн гавьяа зүтгэлийг дурсан, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлд оруулсан үнэтэй хувь нэмрийг онцлон, дурсамж хуваалцлаа.
Түүнчлэн “Гүрийн Рагчаа сан”-ийн үйл ажиллагаа, залуу үеийг эх оронч үзэл, цэргийн нэр төрийг дээдлэх үзэлд төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулсан юм.
Хошууч генерал Г.Рагчаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг орчин үеийн хөгжлийн шатанд хүргэх үйлсийг манлайлан чиглүүлж, энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс оролцох бодлогын үндэс суурийг тавьсан төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм. Тэрээр орчин цагийн Монгол цэргийг олон улсын тавцанд таниулсан, түүхэнд тэмдэглэгдэх эрхэм хүн юм.
Түүний энхийн үйлсэд үнэнч зүтгэл, стратегийн алсын хараа өнөөдрийн энхийг сахиулагчдын үйл хэрэгт үлэмж нөлөө үзүүлсэн билээ.
Түүний дурсгалыг хүндэтгэх энэхүү ёслол нь эх оронч үзэл, энхийн үйлсэд зориулсан үнэнч сэтгэлийг залуу үеийнхэнд өвлүүлэх, энхийг сахиулагчдын үйл хэргийг алдаршуулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм.