Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна. Энэ жил уг арга хэмжээг карнивал хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Тодруулбал, төв талбайг “Үндэсний өв соёл”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Эрүүл мэнд, хүүхдийн эрх”, “Боловсрол, хотын соёл”, “Соёл, урлаг”, “Ирээдүйн Улаанбаатар” зэрэг үндсэн зургаан бүлэг, 60 асар бүхий хотхоны төлөвлөлтөөр зохион байгуулж буй.
Баярын арга хэмжээний үеэр 08:00-19:00 цагийн хооронд
- Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
- Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
- Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
- Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
- “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) зам хаах юм.
Тус арга хэмжээний үеэр хүүхдүүдийн “Хүүхдийн ертөнц” парад болохоос гадна “Magic Mascot” энтертайнментын Уолт Диснейн үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болно. Үүнтэй холбоотойгоор зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Тодруулбал,
- “Хүүхдийн ертөнц” парад: 10:00-12:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбайг нар зөв тойроод эхэлсэн цэг хүртэл;
- “Magic Dream” парад:
-
- Нэгдүгээр тойрог: 10:30-12:00 цагийн хооронд “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвөөс Сүхбаатарын талбай хүртэл;
- Хоёрдугаар тойрог: 13:00-14:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун урд талаас Сүхбаатарын талбайн зүүн урд тал хүртэл явна.
Мөн хүүхдийн баярын төв тайзны тоглолт нь “Шидэт хотын мөрөөдөл” нэртэйгээр болох бөгөөд тоглолтод урилгаар МУГЖ Т.Ариунаа, МУСГЗ С.Баттулга, реппер ThunderZ, охидын Wasabies хамтлаг, Foux хамтлаг, дуучин Davaidasha, Becca, Лууяа, Мичидмаа, Уянгадарь зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцоно.
Үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 300 гаруй бие бүрэлдэхүүн болон “Монголын сайн дурынхны төв”-ийн 500 гаруй сайн дурын ажилчин ажиллана. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүнсний аюулгүй байдлын стандартыг мөрдүүлж ажиллах бөгөөд төв талбайд гар дээрх худалдаа, ил задгай хоол хүнс борлуулахыг хориглож буй.