Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж улмаар идэш тэжээл хайн хот руу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
Үүнээс шалтгаалан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн судалгааны дүнд “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.
НБОГ нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу анх 2017 оноос эхлэн Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шаргаморьтын амны суурьшлын бүсээс нийт 286 бодгаль тарвагыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэх тал дээр байгаль хамгаалагчийн үүрэг оролцоотойгоор мониторинг судалгаа хийхэд өсөж үржсэн үр дүн гарч байна.
Энэ жилийн хувьд тус газраас нэн тэргүүнд айлын хашаанд хамгийн ойр тархсан Найрамдал зуслан орчим, Хандгайд, Баруун салааны амны зуслангийн бүсээс нийт 100 бодгаль тарвагыг ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, шинэ орчинд дасан зохицож буй тал дээр мониторинг ажиглалтыг хийж байна.
Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан юм.
Эх сурвалж
| НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
|