УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара триллионы монгол нэр нь их наяд гэж мэдэхгүй будилснаас болоод жагсдаг залуучууд, жиргэдэг хүмүүстэй навс хэрэлдэж, салам нүдэлдэж байна. УИХ-ын гишүүн улсын төсөв 33,4, нүүрсний хулгай 44, эдийн засаг 70 их наяд буюу триллион хүрсэн цагт тоо мэдэхгүй байх нь тоогүй хэрэг мөн үү гэвэл мөн. УИХ-ын гишүүнээс тооны нэршил дээр будилах бүү хэл тоон дотор үсэг цохиж явахад учрыг нь олдог, хужрыг нь тунгаадаг байхыг шаардах нь зүй ёсны хэрэг. Их наяд гэдэг нь зөвхөн Их наяд плаза гэдэг байшингийн нэр биш триллион гэдэг тооны монгол нэр.Триллион гэнэ үү, их наяд гэнэ үү монгол, англиар нэрлэсэндээ ч биш ийм хэмжээний мөнгө төрд, төсөвт, төсөл хөтөлбөрүүдэд байдагтаа л байгаа юм. Хоёр 2 триллион гэнэ үү, хоёр их наяд төгрөг Монголд байна уу гэвэл байна. Зөвхөн энэ оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага 33,4 их наяд төгрөг.
Нэг талаас анх удаа сонгогдсон, тэгэх тусмаа жагсаалтанд бичигдсэн, эмэгтэй хүн гэдгээр илүү гоочлох, элдвээр буллидэх, хэл амаар гутааж байгаа нь үнэн үү гэвэл үнэн. Эрчүүдийн хийсэн үйлдлээрээ гэмгүй өнгөрч байхад эмэгтэйчүүд хэлсэн үгнээсээ болж огцордог хүйсийн ялгаварлал Монголд их. Шинэ орчин нөхцөлд барьц алдах, заримдаа мэдэхгүй чадахгүй байх, камер дурангийн өмнө тулгамдах нь хэнд ч тохиолддог уу гэвэл тохиолддог. УИХ бол зөвхөн мэдлэг чадалтай, мэргэшсэн улс төрчдийн шигшээ баг биш, монголчуудтайгаа адилхан монголчуудын төлөөлөл. Монголд ууртай хүн олон бол ууртай гишүүн олон байдаг. Тоондоо муу монголчуудын тоонд муу төлөөлөл УИХ-д нэг биш нэлээн олон байна.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ч алдаа гаргасан бол хүлээж, хувийн амьдрал гэж үгүй улс төрд орсноо, урьд нь Ёс зүйн хороогоор донгодуулснаа ч бодоод, жагссан, жиргэсэн иргэн хэнийг ч ганц бие хар хүүхэн, бацаан, бэлэн бор, угаадас энэ тэр гэсээр байвал хэрүүл хараал хэн хэнийх нь хувьд зогсохгүй.