Монгол Улсын Даяар Дуурсагдах Далай Даян Дархан Аварга Жигжидийн Мөнхбатын хийж бүтээсэн түүхийг мөнхлөх хөшөөний нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр /2025.06.03/ боллоо. Уг хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урласан байна.
Ж.Мөнхбат 1941 оны могой жилийн зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд "Хадан" хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх Хажид нарын 11 хүүхдийн 10 дахь хүү болж төржээ. Хүүг төрөөд удаагүй байхад нагац ах Жигжид нь үрчилж авчээ. Эрдэнэсант сумын долоон жилийн дунд сургууль төгсөөд Санхүүгийн техникум улмаар Эдийн засгийн дээд сургуульд сурсан байна. 1960 онд Санхүүгийн техникумд сурч байхдаа сумын заан болоод дараа жил нь 60 жилийн ойгоор улсын заан цол хүртэж байжээ. Ж.Мөнхбат Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн (олимпын аварга Хасан Гюнгёрыг ялав) бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд зургаан удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь даван түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ. Түүний өмнө Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар л зогсдог билээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л 3-т орох амжилт үзүүлсэн билээ. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрч улсын заан Р.Гансүхэд унасан билээ.