Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцэж нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцох тухай тогтоолыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцорсонд тооцсон тул Үндсэн хуульд заасанчлан 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох учиртай.
Тэгвэл дараагийн Ерөнхий сайдыг дэвшүүлэх МАН-ын бага хурлыг энэ долоо хоногт багтаан товлох гэж буй талаар эх сурвалж хэллээ. Хуульд зааснаар УИХ-д олонхыг бүрдүүлсэн нам, эвслийн олонхын саналаар дэвшүүлсэн нэр дэвшигчийг Ерөнхий сайдад томилох тухай саналыг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлдэг.
Мөн Үндсэн хуулийн 39.3-т Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ, 39.4-т Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө гэж заасан байдаг.