Dark Light
Нийгэм | 2025-06-04

ХҮҮХДИЙН ЭРХ ХААЧИВ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг ч энэ өдрүүдийн цаана амьдралын бодит байдал нь тун харуусалтай хэвээр байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд объектын гал түймэрт өртөж амь насаа алдсан хүүхдийн тоо 361-д хүрсэн. Нэг жишээ дурдъя.

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багт 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 15:25 цагт гарсан гал түймэр хүүхдүүдийн амь насыг авч одсон. Галт түймэрт өртсөн 2, 4, 5 настай гурван охин гэрийнхэн нь харгалзах хүнгүй байх үеэр амиа алдсан байдаг. Тодруулбал, тухайн өдөр сумын Засаг даргын захирамжаар бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж, айл өрх, аж ахуйн нэгж, сурагчдыг үүрэгт ажлаа хийхээр дайчилсан байдаг. Үүний улмаас хүүхдүүд гэртээ харгалзах хүнгүй үлдсэн.

Гал унтраах ажиллагаа ч онцгой нөхцөлд, дэд бүтцийн хомсдлын дор явагдсан нь харамсалтай. Галын голомтод ирсэн Онцгой байдлын алба хаагчид ковш ашиглан ус цацах арга хэмжээ авсан хэдий ч хуурайшилт, усыг хүргэх боломжгүй байдал нь гал унтраахад саад болсон байна.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: -Төв аймагт бага насны хүүхдүүд гэртээ байж байгаад шатаж нас барсан ноцтой хэрэг гарсан. Одоогоор албан ёсны шалгах ажиллагаа явагдаж байна. Цагдаагийн байгууллага шалгалтын ажил хийнэ. Манай зүгээс холбогдох бусад байгууллагуудтай хамтран мэдээлэл цуглуулж, хэрэг хяналтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна. Сургуулийн хамтарсан багийн мэдээллийг авч байгаа. Хүүхэд хамгааллын бодлого байсан эсэх, үгүй эсэхийг шалгаж байгаа бөгөөд энэ талаар тодорхой дүгнэлт гарах болно. Одоогийн байдлаар үйл явц үргэлжилж байна, шийдвэрийг харж хүлээх л үлдлээ.

Жаргалант сумын засаг дарга Б.Гомбодорж: Өөрийгөө зөвтгөх гэсэн юм огт байхгүй. Жил бүр хавар, намартаа бүх нийтийн цэвэрлэгээний арга хэмжээ зохион байгуулагддаг. Цас хайлсны дараа үүссэн хог хаягдлыг цэвэрлэдэг уламжлалтай юм. Харамсалтай нь энэ жил ийм ноцтой хэрэг гарчихлаа. Сумын хэмжээнд хог цэвэрлэгээ жил бүр болдог зүйл. Гэвч энэ жил гуравхан хүүхэд амиа алдсанд хэн ч тоохгүй, өөрийгөө өмөөрч зүгээр яваа хүн байхгүй гэж бодож байна. Би хувиасаа хамгийн ихээр харамсаж байна.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: Ер нь бол хүүхэд хамгааллын бодлогыг байгууллага бүр өөрөө баталж, хэрэгжүүлэх ёстой. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ заавал хуульчлагдсан. Олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахдаа хүүхэд хяналтгүй үлдэх эсэхийг нарийвчлан шалгаж, магадлах ёстой. Хэрвээ хүүхэд хамгаалалт муу байвал тухайн алба хаагчийг уг арга хэмжээнд оролцуулахгүй байх зохицуулалттай байх шаардлагатай. Хүүхдийн эрхийн асуудлыг бид зөвхөн 6 сарын 1-ний өдөр биш өдөр бүр ярьж, анхаарах ёстой. Томчууд бид нараас хамааралтай хүүхдүүдийн аюулгүй байдал бол нэн тэргүүний асуудал юм.

Мөн Монгол Улсад өвлийн улиралд утаа, хөрсний бохирдол зэрэг тулгамдсан асуудал байсаар байна. Энэ нь хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа. Түүнчлэн сүүлийн 5 жилийн хугацаанд зам тээврийн ослоос болж 300 гаруй хүүхэд амиа алдсан нь замын хөдөлгөөнд оролцож байгаа томчууд бидний хариуцлагаас шалтгаалж байгаа асуудал юм.

Гудамж, зам, талбай, сургууль, цэцэрлэг, цахим орчин гээд хүүхдүүд хамгийн аюулгүй байх ёстой газрууд нь хүртэл аюултай болжээ. Жишээлбэл, гудамжинд алхаж явахдаа барилга дээрээс юм унаж болзошгүй, гарцаар гарахдаа машинд дайруулах эрсдэлтэй, хурдан морь унаж унах аюултай гэх мэт... Сургууль, цэцэрлэгтээ багшдаа зодуулах, үе тэнгийн хүүхдүүдийн дээрэлхэлтийн хохирогч болох. Цахим орчинд муу санаатнуудын явуулгад өртөж, хохирох эрсдэлтэй. Тоглоомын талбайд тоглож байгаад амиа алдах, усанд живэх, гэрт нь гал гарах зэрэг аюул ч бас их.

Аз жаргалтай Улаанбаатарыг бүтээхээр зориод ч энэ алга дарамхан газар аймшигт осол эндэгдэл гарсаар. Манай сурвалжлах баг хорооллын гэр хорооллын гудамж руу явлаа. Тэнд хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэр хангагдаж байгаа талаар сурвалжилсан юм

Эцэг эхчүүдийн төлөөлөл Б: -Замын нөхцөл байдал бас явган зорчигчийн зам хангалттай биш байна гэж бодож байна. Жишээ нь шат нь өндөр, шууд авто зам руу ордог. Том тэрэг ч явдаг юм. Явган хүний зам нь энхэл донхолтой, өвлийн цагт халтиргаа гулгаа үүсдэг. Хүүхдүүд өглөө, үдэш хичээлдээ явахад харанхуй байна. Гэрэлтүүлэг хангалтгүй, замын стандарт муу. Хэрвээ гэр хороолол улам тэлбэл нөхцөл бүр ч муудах вий гэж санаа зовж байна. Хүүхдүүд явахдаа осол аваарт өртөх магадлал өндөр. Тэгэхээр машин, гэрэл, замын зохицуулалт сайжрах ёстой.

Тэр замаар өдөр бүр том ачаа тэрэг явдаг. Өглөө оройгүй машин тээврийн урсгал их, гэрэл гэгээ байхгүйгээс аюултай. Хэрвээ зам хаагдаагүй бол машины тоормос эвдэрч, зогсож чадахгүй болчихдог асуудал байна. Энэ бол маш ноцтой асуудал.

Эцэг эхчүүдийн төлөөлөл Р: -Энд эрүүл орчин гэж байхгүй. Зун ч гэсэн оройхон явбал утаа ихтэй. Айл өрхүүд зөвхөн бага зэрэг утаа гаргадаггүй. Утаа маш их. Хүүхдүүд эрүүл орчинд амьдарч чадахгүй байна. Би энд ирэхэд автобус хүлээдэг, гэхдээ 2 цаг гаруй хүлээж байна. Өвлийн цагт орой тарвал бүр харанхуйд явах гэж байна гэсэн үг.

Сая 3 цагт хичээл тарсан. Бид явсаар байгаад одоо хэд болж байгааг мэдэхгүй, лав 4 цаг болчихсон гэлээ.

Монгол Улсын хэмжээнд гэмтсэн гурван хүн тутмын нэг нь 0-15 насны хүүхэд байдаг. Энэ бол маш өндөр тоо. Тэгээд зам тээврийн ослоор нас барж байгаа хүүхдийн тоо, гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүүхдийн тоо, мөн энгийн бус орчинд нас барж байгаа хүүхдүүдийн тоо ч өндөр байна. Монгол Улс маань одоо дөнгөж сая хүн амтай, энэ хэмжээний тоо үнэхээр өндөр гэж хэлж болно.

Гэхдээ бид нэг ч хүүхдийн амь нас хохирохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэж би бодож байна. Хүүхдийн хөгжлийг хамгаалах асуудлыг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд оруулж, онцгой анхаарал тавих цаг ирсэн гэж бодож байна.

Мөн тоон баримт харвал, Монгол Улс нийт гурван сая 409 мянга 939 хүн амтай. Эдгээрээс 0-18 насны хүүхэд нэг сая 272 мянга 856 бий. Хүн амын 37.3 хувийг эзэлдэг хүүхдүүдээ асран хамгаалагчийн хэнэггүй байдал, ээлгүй хотын бүтээн байгуулалтаас, төрийн авлига, хариуцлагагүй бодлого шийдвэрээс шалтгаалж хүүхэд бэртэж гэмтэх, зуурдаар амь насаа алдсаар байгааг дээрх тоон мэдээлэл үүний тод жишээ болж байна. Үүнтэй холбоотой хэдэн кейс дурдъя.
  • 2018 оны зургаадугаар сар. 11 настай хүү тоглоомын талбайд хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан.
  • 2019 оны зургаадугаар сар. Есөн настай хүү тогонд цохиулж амиа алдсан.
  • 2019 оны зургаадугаар сар. 11 настай хүү компанийн тогтоол усанд осолдсон.
  • 2020 он. Барилга дээр ажиллаж байсан 17 настай хүү өндрөөс унаж нас барсан.
  • 2020 он. 8-12 насны дөрвөн хүүхэд халианд живж амиа алдсан
Ийнхүү цаг бусаар өөд болж буй хүүхдийн тоо, харамсалтай хэргүүдээс харахад томчууд бид нар улам хариуцлагатай байх ёстойг сануулсаар байна. Гэсэн ч жил бүр ослоос шалтгаалсан хүүхдийн нас баралт, гэмтэх бэртэх тохиолдол буурахгүй байна.
Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00