Өнөөдөр тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан “Хүний цус, эд, эрхтнийг хууль бусаар авах” гэмт хэрэгт яллагдаж байсан Батчулуунд холбогдох хэргийн талаар шүүх хурал болж, шүүх бүрэлдэхүүн дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүхийн хэлэлцүүлгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд бодит баримтад үндэслэгдсэн болох нь тогтоогдсон байна. Батчулуун нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа тодорхой донороос эрхтэн шилжүүлэн авах зөвшөөрлийг зарим тохиолдолд шаардлага хангасан, зарим тохиолдолд зөрчилтэй нөхцөлөөр авсан байжээ. Тухайлбал, элэг болон бөөрний шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд холбогдох зөвшөөрлүүд бүрдсэн байсан бол, шөрмөс шилжүүлэн авах зөвшөөрлийн баримт бичгүүдэд зөрүү илэрч, зарим тохиолдолд журмын дагуу зөвшөөрөл аваагүй гэж үзжээ.
Шүүхийн дүгнэлтээр Эрүүл мэндийн сайдын 2023 оны 6-р сарын 6-ны өдрийн 196 дугаар тушаалаар баталсан журмыг зөрчсөн ч энэ нь хувийн ашиг хонжоо эрэлхийлсэн, гэмт хэрэг үйлдэх сэдэлттэй үйлдэл биш гэж үзсэн байна. Иймд энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамруулах үндэслэлгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 6.10.5-д заасан зөрчилд тооцохоор дүгнэжээ.
Шүүх “амьгүй донороос эрхтэн авахдаа тухайн талын бичгээр өгсөн зөвшөөрөл заавал байх ёстой бөгөөд зөвшөөрөлгүй эрхтэн авсан нь сэдэлтгүй, санаатай бус бол гэмт хэрэг биш, харин зөрчилд хамаарна” гэж тодотгосон байна.
Үндэслэлгүйгээр гэмт хэрэгт тооцох нөхцөл бүрдээгүй, зохион байгуулалтгүй, системийн доголдлоос үүдэлтэй зөрчил байсан гэж үзсэн тул шүүх бүрэлдэхүүн Батчулуунд холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүйд тооцож, цагаатгах шийдвэр гаргасан байна.
Шүүх хуралдаан ийнхүү хаагдав.