Dark Light
Нийгэм | 2025-08-07

Н.ТАВИНБЭХ: АВААР ГАРСАН ҮЕД БИЧЛЭГ ХИЙГЭЭД ЗАРСАН ХҮН ТЭЦ-3-Т БАЙХ ЁСГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Дулааны гуравдугаар цахилгаан станцад урд шөнө дахин осол гарсан гэх мэдээллийн дагуу "ДЦС-3" ТӨХК-д хяналт тавих Засгийн газрын БЭТ Н.Тавинбэх мэдээлэл өглөө.

Тэрээр: -Дулааны цахилгаан станц III дээр зургаадугаар сарын 20-ны өдөр 50 мВт-ын хүчин чадалтай турбин генератор дээр гэмтэл гарсан. Энэ гэмтэлд өртсөн тоног төхөөрөмж, энэ тоног төхөөрөмжийн зориулалттай барилга, байгууламж галд өртсөн. Уг тоног төхөөрөмжийг цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжгүй томоохон хэмжээний аваар осол гарсныг бид бүгд мэдэж байгаа.

Засгийн газраас энэ осолтой холбоотой сэргээн босголтыг хариуцуулахаар шуурхай арга хэмжээ авч, тус компани дээр онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Өнөөдрийн байдлаар онцгой дэглэм тогтоож, БЭТ томилоод 47 хонож байна. Энэ хугацаанд сэргээн босголтын ажлыг нэлээд эрчимтэй явуулж байна.

Өнөөдрийн байдлаар энэ сэргээн босголтод хийгдэх 4 ажлаас, энэ онд багтааж хийх хоёр ажил үндсэндээ нэлээд амжилттай хэрэгжиж дуусаж байна. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэлийн явцыг харахад төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороод, Улаанбаатар хотын дулаан хангамж, Монгол Улсын эрчим хүчний системд нийлүүлдэг цахилгаан эрчим хүчийг хэвийн хэмжээнд нийлүүлэх боломжтой болж байна. Ямар нэгэн хүндрэлгүйгээр ажил хэвийн явчихвал өвлийн их ачааллыг давах боломжтой болно.

1004 хүнтэй, 198 мВт-ын хүчин чадалтай, томоохон стратегийн ач холбогдолтой, ашиглалтад ороод 60 орчим жил болж байгаа. Насжилт, техникийн үзүүлэлтээр нэлээд өндөр насжилтад ордог ийм эх үүсвэр. Олон хүн ажилладаг, нарийн технологитой, насжилт өндөртэй станц учраас технологи технологийн саатал гардаг. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-нд мөн гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш.

Онцгой дэглэм тогтоож, сэргээн босголт идэвхжээд явж байгаа энэ үед сенсац болгож, харамсалтайгаар дотроосоо мэдээлэл гаргаж байгаа нь туйлын зохимжгүй хэрэг гэж үзэж байна. Энэ гарсан гэмтлийн засварын ажил эхэлсэн. Гарсан гэмтлийг засварлах ажил долоо хоног л үргэлжилнэ. Гэмтсэн зуух 50-иад жил ашиглагдсан, насжилттай зуух.

Өвлийн их ачааллын үед ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан. Тухай бүрд нь засварлаад хэвийн ажиллагаанд оруулж байсан. Засгийн газраас ТЭЦ-3 станцад томилогдсон БЭТ тодорхой чиглэлд хатуу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Үүнд нь дургүйцэж байгаа хүмүүс байх шиг байна. Харамсалтай нь тэдгээр хүмүүс хэвийн гардаг гэмтэл саатлыг сүртэйгээр нийтэд мэдээлж, буруугаар ойлголт өгч, энэ ажилд саад учруулах ийм үйлдэл гаргаж байна. Бид үүнийг хууль хүчний байгууллагад өгч шалгуулна. Бид үүнд шантрахгүй. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг үргэлжлүүлнэ.

Аваар саатал гарсан үед үүнийгээ арилгахын оронд, үйлдвэрлэлийн осолд өртсөн нөхдөдөө туслахын оронд бичлэг хийгээд гадагш нь зараад, буруу ойлголт өгөөд зогсож байдаг хүн хамт олны дунд байх ёсгүй гэж үзэж байна. Энд ажил хийдэг мэргэжлийн хүн байх ёстой. Үндсэндээ энэ станцын нийт тоноглолын 70 хувь нь ашиглалтын хугацаа дууссан ийм тоноглол байгаа. Цаашид засвар хийх боломжгүй болсон. Энэ станцын тоноглолын дор хаяж 60 хувийг бүрэн шинэчлэх шаардлагатай байгаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14