Хятадын ногоон устөрөгчийн салбар арилжааны болон эдийн засгийн үр ашгаа батлах шатандаа шилжлээ. Салхин сэнс үйлдвэрлэгч "Goldwind Science & Technology" компанийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хянган аймагт хэрэгжүүлж буй төслийн анхны багц био-метанолыг Өмнөд Солонгосын Бусан боомтод амжилттай хүргэсэн байна. Энэхүү био-метанолыг Бусан дахь усан онгоцуудыг цэнэглэхэд ашиглаж эхэлжээ.
"Goldwind"-ийн энэхүү аварга төсөл нь салхины эрчим хүчийг ашиглан устөрөгч гаргаж, улмаар биомасс хийжүүлэлттэй хослуулан ногоон метанол үйлдвэрлэдэг бөгөөд нийт 1.45 сая тоннын хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Одоогоор 250 мянган тоннын багтаамжтай нэгдүгээр шатны үйлдвэрлэл нь амжилттай ажиллаж байна. Үүний устөрөгч үйлдвэрлэх сегментийн гол технологи, тоног төхөөрөмжийг "Hydrexia Holding" компани нийлүүлж байгаа юм.
Дэлхийн аварга компаниуд оочирлож байна
Бээжинд төвтэй "Goldwind" компани Данийн "Maersk", Германы "Hapag-Lloyd", Японы "Ocean Network Express Holdings" зэрэг дэлхийн тээврийн аварга компаниудтай 850 мянга гаруй тонн Ногоон метанол урт хугацаанд нийлүүлэх гэрээг хэдийнэ үзэглэжээ. Өнгөрсөн сард тус төслийн анхны бүтээгдэхүүнүүд олон улсын сертификатаа хамгаалсан байна.
Үйлдвэрлэлийн өртөг ч дагаад буурч байгаа бөгөөд шинэ үеийн электролизийн бүтээгдэхүүнүүд нэвтэрснээр ногоон устөрөгчийн өртгийг кг тутамд нь 10-12 юань (1.50-1.80 ам.доллар) болгон бууруулах боломжтойг "Hydrexia"-ийн тэргүүн Яо Чаншэн онцоллоо.
Ирээдүйн 100 сая тоннын зах зээл
Цинхуа их сургуулийн профессор Оюуян Мингаогийн хэлснээр, Хятадын ногоон устөрөгчийн зах зээл хөөсөрхлийн үеэ давж, тогтвортой өсөлтийн шатанд орсон бөгөөд 2030-2035 оны хооронд жинхэнэ тэсрэлт хийнэ. Улмаар 2050-2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжилтыг хангаснаар дотоодын ногоон устөрөгчийн зах зээл 100-175 сая тоннд хүрч, нийт эрчим хүчний хэрэглээний 10-15 хувийг бүрдүүлэх төлөвтэй байна.
Өдгөө дэлхийн устөрөгчийн үйлдвэрлэл болон хэрэглээний 30 хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс устөрөгчийг химийн түүхий эдээс стратегийн нөөц баялаг болгон хууль эрх зүйн түвшинд ахиулж, хоолойгоор тээвэрлэх, хадгалах дэд бүтцийг дэлхийн чиг хандлагаас түрүүлж хөгжүүлж эхэлжээ.
Олон улсын далайн тээврийн байгууллага (IMO) 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг 20 хувиар бууруулж, 2050 он гэхэд бүрэн цэвэр нэгж болох зорилт тавьсан тул дэлхийн нисэх болон усан тээврийн салбарт ногоон түлшний эрэлт асар хурдтай нэмэгдэж байна.
ТАТАР МАЙДАР



Эдийн засаг



