Dark Light
Нийгэм | 2025-09-01

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР СУРАГЧДАД ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдад хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, илгээлт захидал хүргүүлжээ. 
#1 Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ”
Өнөөдөр 9 дүгээр сарын нэгний өдөр. Эх хэлний өдөр…
Энэ өдрийг тохиолдуулан эрхэм дүү чамд баяр хүргэж, энэхүү захидлыг бичиж байна. Учир нь энэ өдөр бол чиний хамгийн гэгээн дурсамжтай өдрүүдийн нэг билээ.
Ардын сургуулийн алтан босгыг алхан орж байгаа бяцхан дүү чамаараа өнөөдөр аав ээж, эмээ өвөө, ах эгч нар нь бахархан баярлаж байна.
Өнөөдөр чи сурагч болж, үеийн олон найзуудтайгаа хамт эрдмийн их далайд өөрийн аяллаа эхлүүлж байна.
Сурагчийн ширээний ард шинэхэн дэвтрээ нээгээд, анхны мөрөө бичихэд, сургууль, анги танхимдаа дасахад хайртай дотно хүмүүс, багш нар тань туслах болно оо.
Багшаа анхааран сонсож, хүндэтгэн хайрлаарай.
Найз нөхөд, багш нартайгаа эелдгээр мэндэлж “Баярлалаа” гэдэг үгийг харамгүй хэлж байгаарай.
Цагаан толгойн үсгүүдийг хичээнгүйлэн сурч “Номын сайн нөхөр” болоорой.
Тоо тоололд шамдан суралцаарай. Зургийн авьяасаа нээж, хөгжмийн ертөнцтэй танилцаж, биеийн тамирын хичээлээр бие бялдраа хөгжүүлээрэй.
Сониуч байгаарай. Эхний өдөр жаахан догдолж, сандарч болох ч битгий айгаарай. “Буруу байх вий” гэж айлгүй багшаасаа, гэрийнхнээсээ асууж байгаарай.
Ертөнцийг танин мэдэх нэгээхэн хэсэг сурахуйн анхны аялал тань эрч хүчтэй, баяр баясгалантай, амжилтаар дүүрэн байхын ерөөл өргөн дэвшүүлье.
Чи бол эх орныхоо ирээдүй юм шүү.
Сайн хүн, сайн сурагч болоорой.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас
 
#2 Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ” 
Сурах бол баяр баясгалан
Хичээлийн шинэ жилээ угтан, сургуульдаа ирж буй эрхэм дүүдээ баярын мэндийг хүргэн, мэндчилье.
7 настай бяцхан суралцагч чи өнгөрсөн жил уншиж, бичиж, тоо бодож, олон шинэ зүйл сурсан. Энэ жил илүү ихийг сурч мэдэх, ахиц амжилт гаргах, өөртөө итгэх, найз нөхдөөсөө суралцах, өөрийгөө илэрхийлэх, ном унших чадваруудаа сайжруулж, сурах их үйлсийг баяр баясгалантайгаар үргэлжлүүлээрэй.
Зураг зурах, будах, амьтан тэжээх, хайрлах, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа аялах, ном унших зэргээр чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх нь чиний ирээдүйн мөрөөдөлд хүрэх замын эхлэл юм шүү.
Иймд зорилготой, хүсэл мөрөөдөлтэй суралцаарай.
Өнөөдөр бяцхан дүү минь чи ном, сурах бичиг, таблет, гар утас зэрэг орчин үеийн техник хэрэгсэлтэй төвөггүйгээр харьцаж, түүнээс суралцаж, тоглож, шинэ шинэ зүйлийг мэдэж авсаар байгаа. Гэхдээ бие биенээ хүндэтгэх, эелдэг зан чанартай байх, эрдэм номд дурлах, үнэнч шударга байх, монгол өв соёл, зан заншлаасаа суралцах, найз нөхдөдөө туслах нь монгол хүүхэд бүрийн хамгийн чухал үнэт зүйлс гэдгийг санаарай.
“Малгүй газар усгүй, номгүй хүүхэд оюунгүй.” Тиймээс өдөр бүр сурахдаа урам зоригтой байж, бага багаар амжилтаа бүтээж байхыг эрхэм дүүдээ зөвлөе.
Ертөнцийг танин мэдэх нэгээхэн хэсэг сурахуйн хоёр дахь аялалд тань хөгжилтэй, дурсамжтай, мэдлэгээр дүүрэн байхын ерөөл өргөе.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас
 
#3 Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ” 
Хэлтэй бол хөлтэй
Гуравдугаар ангид дэвшин суралцаж буй эрхэм дүүдээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, сурах их үйлсэд нь амжилт хүсье.
Хичээл бол зөвхөн унших, бичих, тоо бодох төдий зүйл биш. Энэ бол өөрийгөө хөгжүүлж, шинэ санаа, шинэ мөрөөдлүүдтэй танилцах гайхалтай боломж юм. “Жижигхэн гол ус том голд нийлдэг” гэж хэлдэг шиг өдрөөс өдөрт суралцаж, чармайлт гаргах явцад алдаа гаргах нь сурах явцын нэг хэсэг бөгөөд алдаанаасаа суралцах нь амжилт руу хөтлөх зам юм шүү.
Сурахдаа хөгжилтэй, сонирхолтой, чин сэтгэлээсээ хандаж, шинэ мэдлэг, урам зориг, бүтээлч сэтгэлгээгээр оюуны саваа дүүргээрэй. Оюуны савыг дүүргэх хамгийн сайн арга бол өдөр бүр бага багаар шинэ зүйл сурах, асуулт асуух, ном унших, бодох, танин мэдэхүйн их хүчийг хуримтлуулах явдал юм.
Энэ жил хамгийн сонирхолтой зүйл нь англи хэл шинээр сурах гэж байгаад оршиж байна. Англи хэл сурах гэдэг нь зөвхөн шинэ үг, дуу, шүлэг цээжлэх төдий зүйл биш.
Өдөр бүр англи хэлээ давтах зорилго тавиарай. Ингэснээр англи хэлээр өөрийгөө илэрхийлэх чадвартай болж, ирээдүйд олон хаалгыг нээх болно. Энэ хаалгыг нээхийн тулд эх хэлээ сайн эзэмших хэрэгтэй. Учир нь өөрийн төрөлх хэлээ хэдий сайн эзэмшинэ гадаад хэлийг төдий чинээ сайн сурдаг юм шүү.
Иймээс гадаад хэл сурахын үндэс нь эх хэл, ирээдүйг гэрэлтүүлэх түлхүүр нь англи хэл учраас хичээнгүйлэн суралцаарай.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас
 
#4 Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ” 
Дөрөвдүгээр ангийн 9 настай суралцагч эрхэм дүүдээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Энэ жил чиний хувьд хэл бичиг, тоо, шинжлэх ухааны олон талын мэдлэгт суралцах, бие даан өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой сорилтууд, шинэ мэдлэгийн гараа нээгдэж байна.
Хүн юм үзэхгүй, сонсохгүй бол юу ч мэдэхгүй хоцрох гэмтэй учир харанхуйтай адил, юм сурч мэдвэл гэрэл гэгээ орж цайх, цайрахтай адил байдгийг монголчууд “Номтой газар нохойн чих ч цайна” гэсэн мэргэн үгээр илэрхийлсэн байдаг. Чиний нас бол шинэ зүйл сурахад хамгийн тохиромжтой үе. Сурахын хажуугаар бие бялдраа хөгжүүлэн, эерэг зан чанарт суралцан, найз нөхөдтэйгөө хамтран ажиллаж, бусдад тусалж, өдөр бүр бага багаар хичээл зүтгэл гаргаж, шинэ зүйлс сурсаар байгаарай. Ямар нэгэн шинэ зүйл сурч зөв үйлдэл хийх бүртээ гэр бүл, багш нарынхаа бахархлыг мэдрэх болно гэдэгт итгэж байна.
“Хүн болгоны хэл ус, ёс заншилд суурилдаг” гэсэн үг бий. Иймээс эх хэл, эх орон, түүх соёлдоо хайртай байх нь маш чухал. Мөн эргэн тойронд тань хүрээлэн буй, зааж сургаж, чиглүүлж, хайрлаж, тусалж дэмжиж, урам итгэл өгч, мэдлэг, чадвар суулгаж, сайхан харилцаа, сайн хандлага энэ бүхнийг мэдрүүлж ирсэн бүх хүмүүст талархал дүүрнээр хандах нь зөв шүү.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас
 
#5 Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ” 
Эрхэм дүүдээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
5 дугаар анги бол бага боловсролоос дунд ангид дэвшин суралцах чухал үе юм. Чи бага ангийн дүү нарынхаа үлгэр дуурайлал, зөвлөн туслагч нь байх тул хичээнгүйлэн суралцахыг хүсье.
Унших, ойлгож ухаарах, бичих, найруулах, бодох, шийдвэр гаргах, туршилт хийх чадвараа сайжруулж, бүтээлч байдлаа нэмэгдүүлэхийн тулд чамайг тойрон хүрээлж буй гар утас, компьютер, интерактив тоглоом, аппликейшныг зүй зохистойгоор ашиглан, зөв хэрэглээрэй.
Өмнөх ангиуддаа суралцсаар ирсэн мэндлэх хүндлэх, бусдад найрсаг хандах, баярлаж талархахаа өдөр тутмын зуршил болгосон эерэг зан чанараа дүү нартаа уламжлуулаарай.
Зөв ба буруу, эерэг хандлага, үүрэг хариуцлага зэрэг чухал зүйлсийг ойлгож, монгол ёс уламжлалаа дээдэлсэн, ээж аав, ах эгч, багш, дүү нараа хүндэтгэн хайрладаг сайн хүүхэд байгаарай.
Монгол ёс зан заншил чамд хүнлэг ёс, энэрэнгүй, тусч, шударга байхыг заадаг учраас эрдмийн их аян тань гэрэлтэж явахыг хүсэн ерөөе.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас
 
#6 Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ”
Тавдугаар ангиа амжилттай төгсөөд, дунд ангид элсэн орж буй дүүдээ хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе.
Зургаадугаар ангид бага ангиас илүү олон хичээл ордог учраас сурах үйл явцын хамгийн чухал үе тул “Хичээл номд шамдвал ирээдүй өөрөө гэрэлтэнэ” гэсэн үгийг ямагт санаж, өдөр бүр шамдан хичээгээрэй.
Энэ жил чи уран зохиол, үндэсний бичиг, түүх, физик, хими, биологи, мэдээллийн технологи гээд шинэ хичээлүүдийг судалж эхэлнэ.
Үндэсний бичиг бол монгол хүн бүрийн бахархал соёлын дархлаа учраас хичээнгүйлэн суралцаж, “Үсэг мэдсэн хүн ирээдүйг гэрэлтүүлдэг” гэдгийг санан, “Цагаан толгойн баяр” – аа дунд ангидаа дахин нэгэн суралцахын баяр болгож хийгээрэй.
Хүний сэтгэл, оюун ухааныг нээж, амьдралын үнэ цэнийг ойлгуулдаг учраас уран зохиолын хичээлээр дамжуулан хайрлах энэрэх, хөдөлмөрч байх, үнэнийг эрхэмлэх зэрэг төлөвшлийн сайхан чанаруудаас суралцах нь зөв шүү.
Сурах эрмэлзэл, танин мэдэхүйн хүсэл болсон “Яагаад” гэдэг гайхамшигт асуултыг олонтаа тавьж, сониуч зүрхээрээ хүлээн авч, өөрийн оюуныг улам хөгжүүлэхийн ерөөл өргөе.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас
 
#7 Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ”
Зургаадугаар ангидаа олон багшаар заалгаж, өөрийн гэсэн сурах арга барилаа олж авах эрхэм дүүдээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Чиний хувьд хүүхэд насны гэгээлэг ертөнцөөс өсвөр насны бие даасан өөрийнхөө нээж, танин мэдэх үе шат руу алхаж буй өөрийн гэсэн онцлогтой хувь хүн болон төлөвших гайхалтай цаг үе ирж байна.
Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг гэж үг бий. Өдөр тутамдаа хийж буй алхам бүр мянган бээр тийш замчлан аваачих болно. Сурах их үйлсийн зам мөр бүрт баярлах, талархах, бахархах сэтгэлийн олон янз илрэл, зорьсон, төлөвлөсөндөө хүрсний биелэл, хичээл зүтгэлийн үр дүн, нэгээс нөгөөд шилжих шилжилтийн дундах сониучирхал, шинэ соргог зүйлийн талаарх мэдээлэл, оюун ухаан, бие бялдар, нийгэмшлийн хөгжил дэх нэг ахиц өөрчлөлт, хувирал хувьсал, туршлага сургамж, үнэт зүйл бий болсоор байна.
Дэлхий ертөнцтэй илүү сайн танилцуулах, улс орны байгаль, цаг уурын онцлогийг сонирхож судлах орос хэл, газарзүйн хичээлийг шимтэн суралцаарай.
Аливаа асуудлыг олон өнцгөөс харж, шийдлийг өөрөө хайж сурах нь манлайллын суурь болдог. Хичээлийн шинэ жилдээ идэвхтэй суралцаж, анги хамт олноо манлайлан, өөрийгөө хөгжүүлэх бүх боломжийг ашиглаарай.
Энэ хичээлийн жилдээ эрдэм номтой, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлдэг манлайлагч болохыг хүсье.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас
#8 Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ”
Эрхэм дүүдээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.
Хэн ч, хаана ч, орон зай харгалзахгүйгээр амьдрах, харилцах нээлттэй дэлхийд амьдарч, төрөлх болон бусад орны хэлээр уншиж, судалж, эргэцүүлж, мэдээллийг хүлээн авч, боловсруулж, мэдээллийн технологийн хурдацтай өөрчлөлтөөс суралцаж, хөгжсөөр байгаа Монгол улсын иргэн, дэлхийн хүн билээ, Чи.
Чиний өмнө томсон харагдаж буй тэр дэлхий ертөнц өөрийн тань хүсэл, тэмүүлэл, зорилго, мөрөөдлийн төлөөх хичээл зүтгэл бүрийн тоогоор илүү улам ойртох тул хичээнгүйлэн суралцсаар байгаарай.
Мэдээллийн технологи, байгалийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухааныг сонирхон судалж, туршиж, эрэл хайгуул хийсээр байх нь чиний танин мэдэхүй, оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах тул шинэ шинэ зүйлсийг турших нь зүйтэй.
Цахим орчинд цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна ухаалга, хариуцлагатай байх нь чухал шүү. Хэн нэгнийг гомдоож мэдэх үг, худал мэдээлэл, эсвэл сэрэмжлүүштэй хаяг, холбоосоос татгалзаж, юу үнэн, юу аюултайг таньж чадах өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварт суралцах нь чухал гэдгийг санаарай.
Өөртөө итгэж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөөх замд тань амжилт хүсье.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас
#9 Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ”
Эрхэм дүүдээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Монголчууд аргалын галаас дулааны эрчим хүчний үйлдвэрт, дэнгийн гэрлээс өндөр хүчдэлийн цахилгаан гэрэлд, жингийн цуваанаас галт тэрэгний тээвэрт, морин өртөөнөөс моторт хөлөгт, модон сампингаас цахим тооцоолуурт, сарлагийн нуруунаас сансрын хөлөгт шилжин дэвшсэн нь "боловсрол"-ын үр өгөөж тул эрдэмд шимтэн суралцаж буй есдүгээр ангийн суралцагч чи ч үүнтэй мөн адилаар өөрийн олж авсан мэдлэг, чадвараа ашиглан, эх орон дэлхий дахинд өөрийн хувь нэмрийг оруулах иргэний нэг гэдгийг санаарай.
Дэлхий маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед хичээлдээ шамдан суралцахаас гадна асуудал шийдвэрлэх, шүүн тунгаах, бусадтай эелдэг харилцах, багаар хамтран ажиллах, эрсдэлийг тооцох, хүлээх, даван туулах, аливаад дасан зохицох зэрэг иргэдийн ирээдүйг шаардлагатай ур чадвартай байх нь маш чухал болсон.
Хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, цахим засаглал, их өгөгдлийн үүрэг улам бүр нэмэгдэж, дэлхий нийтээр эдгээрийг төгс эзэмшихийн төлөө тэмүүлж байгааг соргогоор анзаарч, шинэ технологийг хэрэглээ болгож, дэлхийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэхийн төлөө шамдан суралцахыг хүсье.
Өсвөр насыг даван туулах сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгон, өөрийгөө танин мэдэж, бусадтай харилцах, нийгэмд зөв, шударга хүн болохын төлөө гаргаж буй үйлдэл, хандлага, бусдад үзүүлэх хүндэтгэлийг эрхэмлэн, ёс зүйн төлөвшлийг суулгаарай.
Нээлттэй дэлхийн үүд хаалгыг нээх боломжтой энэ цаг үед даяаршилтай хөл нийлүүлэхийн зэрэгцээ монгол үндэстний түүх, соёл, үнэт зүйл бүрийг эрхэмлэн дээдэлж, эх орноороо бахархах, хайрлан дээдлэх сэтгэл зүрхтэй дангааршлаар онцгойрсон нэгэн байх нь чухал шүү.
Ахлах ангид дэвшин суралцахын өмнөх энэ шинэ жилд шинэ итгэл, урам зоригоор жигүүрлэн, амжилттай сайн сурахын ерөөл өргөе.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас
 
#10 Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ”
Юуны өмнө мэдлэгээ хэрэглээ болгож ашиглах, бие даан судалгаа хийх, дүгнэлт гаргах зэрэг илүү бүтээлч арга барилд суралцсан ахлах ангийн сурагч болсон дүүдээ баяр хүргэе.
Энэ захидлыг би чамд зориулан бичлээ. Учир нь аравдугаар анги бол чиний амьдралын онцгой жилүүдийн нэг бөгөөд сурах, өөрийгөө нээх, ирээдүйд хийх сонголтоо тунгаах цаг юм. Энэ жилд чамд амаргүй сорилтууд тулгарч магадгүй, гэхдээ тэдгээр нь чамайг илүү хүчтэй, ухаалаг болгох боломж юм.
Ирээдүйн мэргэжлээ сонгохдоо айх хэрэггүй. Өөрийнхөө сонирхол, эрмэлзэл, давуу талуудаа анхааралтай ажиглаарай. Заримдаа бидний мөрөөдөл нь өөртөө үнэнч байхыг шаарддаг. Амжилттай суралцах, өөрийгөө хөгжүүлэх нь чиний ирээдүйд амьдралаа зөв замаар удирдах үндэс болно гэдгийг санаарай.
Чиний хэрэглэж байгаа ухаалаг төхөөрөмж, интернет, хиймэл оюун ухаан зэрэг нь зөвхөн зугаа цэнгэл биш, суралцах, мэдлэгээ нэмэгдүүлэх хүчирхэг хэрэгсэл гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ эдгээрийг ашиглахдаа үнэт зүйлсээ мэдэж, хамгаалах явдал юм.
Иймээс чамд хоёр зүйлийг онцлон хэлэхийг хүслээ. (1) Үнэт зүйлсээ мэдэх гэдэг нь юу чухал болохыг ойлгох явдал. Гэр бүл, нөхөрлөл, эрдэм мэдлэг, эрүүл мэнд, үнэнч шударга байдал, хэл соёл, уламжлалыг ойлгож, үнэлдэг бол амьдралдаа зөв сонголт хийх боломжтой. (2) Үнэт зүйлсээ хамгаалах гэдэг нь эдгээр зүйлсийг хадгалах, хайрлахыг хэлнэ. Найз нөхөдтэйгээ шударга, сайхан харилцах, мэдлэгээ гүнзгийрүүлэх, хэл, соёлоо дээдэлснээр чи үнэ цэнтэй зүйлсээ алдалгүй, зөв амьдарна.
Сурах, судлах үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас
#11 Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ”
Болоод өнгөрсөн бүхий л зүйлсийг эргэн санах нь дурсамж, болох бүтэх аливаа зүйлсийг зураглан харах нь төсөөлөл, энэ хоёрыг нэгэн дор зэрэгцүүлэн үйлдэж, мэдрэх нь яг одоо болон хувирдаг. Өөрт үнэ цэнтэй боловсролыг олж авахын төлөө хичээн суралцаж буй 11-р ангийн суралцагч эрхэм дүүдээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Ахлах ангийн хоёр дахь онтой учран золгож буй чиний сурагч насны амьдралын дурсамжит түүх өнөөдөр бас нэгэн шинэ хуудсаар эхэлж байна. Мэдлэгийн оргил руу дөтлөн алхаж, хувийн суралцах төлөвлөгөөгөө гаргаж, түүнийхээ дагуу үйлдэл хийж, тухайлбал шинээр хэл сурч, ярих, илтгэх, мэтгэлцэх, бичих, найруулах, шүүн тунгаах, шүүмжлэх, зөв шийдлийг гаргах чадвараа хөгжүүлж, ирээдүйн мэргэжилд чиглэсэн жижиг, том алхмуудыг хэрэгжүүлсээр байгаарай.
Монгол улс туурга тусгаар оршин тогтнохын үндэс, хүн төрөлхтний оюуны хөгжлийн соёлын нандин өв болсон эх хэл, бичиг үсгээ нандигнан хайрлаж, монгол сэтгэлгээ хийгээд дархлааг өөрт суулгаж, нутагшуулж, өвлөн тээж, хадгалан түүчээлж, аугаа Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө тэмцэх зориг, сэтгэл зүрхтэй нэгэн болж төлөвшөөрэй.
Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө бол бидний өвөг дээдсийн тэмцэл, хөдөлмөрийн үр дүн. Харин үүнийг бататгах, зузаатгах хүч нь чиний мэдлэг, авьяас, эх оронч сэтгэл, хүсэл тэмүүлэлд оршино.
Ирээдүйд итгэлтэйгээр алхахыг ерөөе.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас
#12 Монгол Улсын Ерөнхий сайдын “ИЛГЭЭЛТ ЗАХИДАЛ”
Амьдралын алтан босгыг алхан орох гэж буй ахлах ангийн дүүдээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Арван хоёрдугаар анги. Тиймээ, амьдрал — амьдралын нэгэн содон, адал явдлаар дүүрэн он жилүүдийг чи бүтээх гэж байна. Заримдаа залхаж, бууж өгмөөр санагдах ч гэсэн чи өөрийнхөө хүч чадал, тэвчээр, зоригийг нээж, аливаад ухаалгаар хандаарай.
Амжилт, аз жаргал, баяр гуниг, бүтэлгүйтэл бүгд ирнэ. Гэхдээ нөхөрлөл, хайр чамд хүч, урам зориг өгөх болно. Иймээс найз нөхөдтэйгөө чин сэтгэлээсээ ойлголцож, хамтдаа баярлаж, урам зориг авч байгаарай.
Өглөө эртлэн сэрүүлгийн дуунаар, аав ээжийнхээ хайрын бүлээн дулаан үнсэлтээр, тэднийхээ дотно элгэмсүү тэврэлтээр, үгийн ташуураар бас аргадлаар босох өдрүүд, нойроо хагаслан шөнө хугаслан хийх даалгаврууд, эрж хайж олсон өөрийн гэсэн сурах арга барил энэ бүхэн жагсан хүлээж, эдгээрийг даван туулах хичээл зүтгэлийн үр дүн төсөөлөгдөн, биелэл болж харагдаж буй энэ дүр зураг тархи, оюунд тань тодоос тод, бусад өдрүүдээс илүүтэй зураглагдан бууж буй энэ өдөр нэгийг санаж, нөгөөг эргэцүүлэн тунгааж, амьдралд хөл зөв тавихыг хичээгээрэй.
Хүүхэд насны гэгээлэг мөчийг үдэн, амьдралын бас нэгэн шинэ хуудсыг нээх, сургууль, багш, найз нөхдөдөө ээнэгшин дасаж, баяр, гунигийн нулимс нэгэн дор цуглан хурах агшин чамайг хүлээж байгаа. Энэ агшин бол амьдралын шинэ агшны торгон мөч юм.
Итгэл найдвар дүүрэн энэ цаг үе нь чиний шинэ эхлэлийн бэлгэдэл байх болтугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14