Эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах шийдэл, туршлага, бодлогын чиглэлийг хэлэлцэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний уулзалт өнөөдөр Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, Канад Улсын Уул уурхайн ассоциаци хамтран зохион байгуулж буй тус уулзалт, хэлэлцүүлгийг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Уул уурхайн салбар бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн том тулгуур багана. Энэ салбарт Эрдэнэт үйлдвэр 47 жилийн турш үндэсний хөгжлийн гол хөдөлгөгч хүч байсаар ирлээ. Түүнчлэн, уул уурхайн салбар шинэ стратегийн эрин үе рүү алхах боломжийг нээж байна. Газрын ховор элемент зэс, молибден зэрэг ашигт малтмалын эрэлт өсөн нэмэгдэж байна. Энэ үед Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн компаниудыг түүчээлэн тогтвортой уул уурхайн стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ стандарт бидний шийдвэр гаргалт, стратеги, хүний нөөцийн бодлогын чиглүүлэгч байх болно” хэмээн онцлов.
МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: “Бид уул уурхайн салбарыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлж ажиллах талаар авч хэлэлцэхээр цуглаад байна. Канад Улсын Уул уурхайн салбарын ерөнхийлөгч өөрийн туршлагаа хуваалцахаар ирсэнд талархал илэрхийлье. Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлж, ажиллуулахад хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Ер нь байгалийн баялгийг хэрхэн хамгаалах, яаж зөв ашиглах, энэ нь ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар анхаарч ажиллах ёстой юм” гэв.
Уулзалтад оролцогч талууд Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцан, бодлого, шийдлүүдээ танилцуулах илтгэл хэлэлцүүлж байна.

АДМИН








Нийгэм







