Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонгтой уулзав.
Уулзалтын үеэр Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонг Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн 10 дугаар чуулганыг 2025 оны зургадугаар сард Монгол Улсад амжилттай зохион байгуулж, бүс нутгийн төдийгүй дэлхий дахинд тулгамдаж буй олон чухал асуудлыг хэлэлцсэн болохыг онцлон тэмдэглэж баяр хүргэлээ. Сингапур улсад зохион байгуулагдаж буй энэхүү чуулганд Монгол Улсын ерөнхий прокурор тэргүүтэй өргөн бүрэлдэхүүн бүхий төлөөлөл оролцож байгаад талархал илэрхийлэв. Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонгд нэгдсэн чуулганы үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв. Талууд хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Сингапур Улсын ерөнхий прокурорын танхимтай “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд залилах, авлига, мөнгө угаах, кибер гэмт хэрэг, хүн худалдаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хөрөнгө буцаах чиглэлээр сайн туршлагыг солилцох, алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.