Дархан-Уул аймгийн ОИ сургуультай олон жилийн хамтын ажиллагаатай БНСУ-ын Чусоны их сургуулийн Ерөнхий захирал Ким Чүн Сон болон холбогдох төлөөллүүд Дархан хотод айлчилж байна.
Энэ удаагийн айлчлалаар Дархан-Уул аймагт тус сургуулийн төвийг байгуулах зорилгоор ОИ сургуулийн удирдлага, Боловсролын газартай санал солилцож санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус төв байгуулагдсанаар Чусоны их сургуульд суралцах хүсэлтэй сурагчид сургалт хөтөлбөрт хамрагдах, БНСУ-д суралцах хугацаандаа ажлын байртай болох зэрэг олон талаар тэднийг дэмжих үйл ажиллагааг явуулах юм.
Аймгийн Боловсролын газар Чусон их сургуультай 2024 оноос хамтран ажиллаж, сурагчдыг БНСУ-д суралцуулах, тус улсын соёлтой танилцах аяллын хөтөлбөрт хамруулах, багш ажилчдыг богино хугацааны туршлага судлах сургалтад хамруулахаар санамж бичиг байгуулсан.
Цаашид энэхүү боломжийг зөвхөн ОИ сургууль гэлтгүй бусад ЕБС, их дээд сургуулийн оюутан сурагчдад хүргэж хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэв.
Чусон их сургуульд 150 гаруй Монгол оюутнууд суралцдагаас Дархан-Уул аймгийн 50 оюутан суралцаж байна. Аймгийн хэмжээнд 4 сургалтын төвд 1000 гаруй хүүхэд Солонгос хэлийг сонгон судалж байна.

|
Эх сурвалж
| Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар
|
АДМИН








Нийгэм







