Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Л.П...гийн 2025 оны хоёрдугаар сарын 3-ны шөнө 03:00-05:00 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд болох 10 сар 28 хоногтой У.Х...г “...уйллаа...” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Л.П...д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Л.П...ээс сэтгэцэд учирсан хохиролд 60,706,800 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.У, насанд хүрээгүй хохирогч У.Е... нарт олгож, шийдвэрлэсэн.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.П...д холбогдох эрүүгийн хэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээж,
харин анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохиролд 60,706,800 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг өөрчлөн, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У болон У.Е тус бүрд сэтгэцэд учирсан хохирлыг 250,800,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч Л.П...ээс гаргуулахаар шийдвэрлэв.