2025 оны тавдугаар сарын 13-ны өдөр иргэдээс экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн орлогыг нотлуулах хүсэлт гаргасан байдаг. О.Тэмүүлэнгийн найз охиндоо сүйн бөгж өгч, тансаг брэндийн эд зүйлс бэлэглэж, амралтын газар нисдэг тэргээр зорчин гэрлэх санал тавьж буй бичлэг энэ оны дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр нийгмийн сүлжээнд тархаж, олон нийт экс Ерөнхий сайдын хүүхдийн тансаглалын эх үүсвэр юу байсныг сонирхож, хэлэлцсэн.

Түүний найз охиндоо бэлэглэсэн гэх зүйлс:
Lexus RX машин – 250 сая
Сhanel цүнх - 5000$ буюу 18 сая төгрөг
Miu Miu брэндийн пиджак – 4950$ буюу 17 сая төгрөг
Гэрлэх саналын очир алмаазан бөгж – 20 сая төгрөг
Мөн эдгээр дээр нэмээд Canada goose, Smeg, Dior, Anteprima гэх мэт тансаг зэрэглэлийн бэлгүүд нэмэгдэнэ.
Тэгвэл 2025 оны долдугаар сарын 23-ны өдөр АТГ-аас О.Тэмүүлэнгийн орлогод хяналт шалгалт хийж дууссан дүн мэдээгээ танилцуулсан. Тус мэдээлэлд:
Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.
Гэх хяналт шалгалтаар хийсэн мэдээллээ танилцуулж байлаа.
Харин үүнээс хоёр өдрийн дараа буюу 2025 оны долдугаар сарын 25-ны өдөр гомдол мэдээлэл гаргасан иргэн Ц.Лут-очирт дараах албан мэдэгдлийг хүргэсэн байна.


Дээр дурдагдсан мэдээлэлд задлан шинжилгээ хийвэл:
Нэгдүгээрт, үнэтэй брэндийн хувцас, эд зүйлс, сүйн бөгж, амралтын газрын түрээс зэрэг нь нийлээд 58.1 сая төгрөг болжээ.
Хоёрдугаарт, “Херо энтертайнмент групп” нь О.Тэмүүлэнд гурван удаагийн гүйлгээгээр 300 сая төгрөг шилжүүлсэн. Гэвч О.Тэмүүлэн тус группт ямар ажил эрхэлдэг нь тодорхойгүй, нийгмийн даатгал төлдөггүй.
Гуравдугаарт, “Херо энтертайнмент групп” нь 2024 онд нийт 265.8 сая төгрөгийн татвар төлсөн.
Дөрөвдүгээрт, эвдэрхий машин аваад буцаагаад өгсөн
Тавдугаарт, Seven nuga амралтын газар руу явахдаа нисдэг тэрэг түрээслээгүй кино зураг авалтын багт дайгдаж явсан.
Зургадугаарт, Ө.Өгөөмрийн ээж төрийн албан хаагчийн цалингаараа 35 сая төгрөгийн үнэ бүхий брэндийн хувцас хэрэглэл охиндоо авч өгсөн болж таарч байна.