Хөвсгөл аймгийн шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд: Аймгийн засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Онцгой байдлын байгууллага, Эрүүл мэндийн байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд нөхцөл байдлыг үнэлээд холбогдох арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн 70383218 гэсэн шуурхай утсаар иргэдээс тасралтгүй мэдээлэл авах, холбогдох зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд байгаа 21 постоор хүндэтгэх шалтгаантай гурван чиглэлээр иргэдийг нэвтрүүлж байгаа. Үүнтэй холбоотой мэдээллийг штабын жижүүр өгч ажиллаж байна. Өчигдөр захирамжаа гурав хоног сунгасантай холбоотой хөл хориог чангатгах байдлаар эрчимжүүлэн ажиллаж байна. Тарвага устгалтай холбоотойгоор иргэдээс мэргэжлийн байгууллагад сайн дураараа хандаж өнөөдрийн байдлаар 248 ширхэг тарвага устгасан.
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр: Батлагдсан тохиолдол гурав. Нэмж тохиолдол батлагдаагүй. Үүнээс нэг тохиолдол нас барсан. Сэжигтэй 20 тохиолдол, нэгдүгээр хавьтлын тусгаарлалтад 119, өнөөдрийн байдлаар 67 хүн байна. Нийт 195 хүнийг шинжилгээнд хамруулсан. Өчигдрийн байдлаар 75 сорьцыг цуглуулж, PCR шинжилгээнд хамруулсан. Батлагдсан болон сэжигтэй тохиолдлыг биеийн байдлаар нь үнэлбэл хөнгөн 20, дунд зэргийн 1, хүнд 1 байна. Хавьтлын тусгаарлалтаас шинжилгээний хариуг үндэслэн, Цагаан-Уул суманд гэрээр 8 иргэн хяналтад байгаа. Эдгээр хүмүүсийг хяналтаас гаргаагүй. Эрүүл мэндийн төвд байсан 11 иргэнээс хоёрыг өнөөдөр хяналтаас гаргасан. Мөрөн сумд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 45 иргэн байснаас 26 хүнийг хяналтаас гаргаж, 19 иргэн хяналтад үлдсэн. Нийт хяналтад 110 иргэн байснаас 43 иргэнийг PCR болон бусад шинжилгээний дүгнэлтийг үндэслэн хяналтаас гаргалаа.