2025 оны есдүгээр сарын 11-ны өдрийн 07:30-14:00 цаг хүртэл сургуулийн эргүүл буюу School police үүрэг гүйцэтгэлээ.
Сургуулийн хичээлийн цаг 08:00, 08:15, 08:30, 09:00 цаг гээд өглөөний цагаар хүүхдүүдийн хөл үл тасарна. Иймд зам дээр зогсож байгаа School police ч ачаалал их. Хүүхдүүдээ хөтлөөд явж асран хамгаалагч нар гарцгүй газраар гараас нь чирээд гүйчих, ганцааранг нь үлдээгээд яв гэх, янз бүрийн зүйл ажиглагдав. Хүүхдүүд замаар гарч байхад автомашинаа зогсоогоод гарахын нь хүлээх соёлтой жолооч нар олон ч ганц нэг сигнал дарж яарч буй хүмүүс тохиолдоно. Хүүхдүүдийг бөөнөөр нь гаргах гээд зогсоохыг хичээв ч зарим нь чигээрээ л гүйчихнэ. Байнга харж байхгүй бол замын хөдөлгөөн хянана, хүүхдүүдийг эсэн мэнд зам гаргана гэдэг нэг талаасаа анхаарал, нөгөө талаасаа хүмүүсийн ая тавыг тааруулах шаггүй ажил бололтой. Бас хүүхдүүд хичээлдээ орсон үеэр эргэн тойрон эргэж, хүүхдүүдэд аюултай нөхцөл байдал буй эсэхийг ажна.
Хотын төв тэр тусмаа 100 айл хавиар төвлөрөл ихсэж, сургуулиудын ачаалал нэмэгдсэн. Хэдийгээр сургуулиас хүүхдүүдийг аль болох тав тухтай орчинд сургахыг хичээж байгаа ч зай талбай, хүрэлцээ муутайгаас шинэ анги тохижуулжээ. Тэр коридороо вакум ханаар битүүлж, хоёр талаараа ширээ сандал тавьсан нь зай бага, хүүхдүүд бараг л зөрөх зайгүй. 53 хүүхэдтэй манай хүүгийн анги л гэхэд хамгийн хойно суугаа хүүхэд самбар дээрх хичээлийг харах үгүй нь эргэлзээтэй. Зурагтаар тавьсан хичээлийг олж үзэх нь хэцүү даалгавар мэт. Сургуулийн орчин нөхцөлдөө тааруулж хүүхдүүдийг сургах боломжоор хангаж байгаа ч энэ нь эцэг эхчүүдийн хувьд чамлалттай санагдана.
Ангийн багш: Байгаа боломжоороо шинэ анги тохижуулаад сургаж байгаа ч зарим дутуу зүйлүүд бий бий хэмээн арга ядан хэлэх нь өрөвдөлтэй.
Ангийн эцэг эхийн төлөөлөл: Энэ давчуу зайнд дахиад өлгүүр хийх гэнэ. Суух зайгүй байгаа хүүхдүүд одоо завсарлагаан, тарах орохдоо гарах зайгүй болох нь хэмээн халаглана.
Энэ сургуулийн өргөтгөлийн барилга ирэх жилээс ашиглалтад орох гэнэ. Тэр нь бага сургууль нь болж бага ангиуд тусдаа гарах сайхан мэдээтэй ч бүтэн нэг жил хүүхдүүд ийм орчинд тэвчиж суралцана гэдэг Монгол Улс боловсролдоо, ирээдүйдээ яаж хандаж байгаа илрэл биз ээ...