Dark Light
Нийгэм | 2025-09-12

ЭМГЭНЭЛ: САНЖЖАВЫН НАСАНБАТ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
  САНЖЖАВЫН НАСАНБАТ
(1959-2025) 
Автотээврийн салбарын ахмад ажилтан Санжжавын Насанбат нь 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 
С.Насанбат нь 1959 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрж,  Нийслэлийн ерөнхий боловсролын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1976-1980 онд Улаанбаатар төмөр замын политехникумыг “Авто замын техникч” мэргэжлээр, 1985 онд Политехникийн дээд сургуулийг авто инженер, механик мэргэжлээр тус тус төгссөн.
Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа 1985 онд Тээврийн яамны харьяа Авто засварын үйлдвэрүүдийн нэгдэл /АЗҮН/-ийн слесарь, зохион бүтээгч инженерээр эхэлж, Монгол улсын автотээврийн салбарын хувийн хэвшлийн анхны авто засвар-үйлчилгээний газар болох “Шунхлай” ХХК-ны ерөнхий инженер, захирал,  МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг “Автотээврийн газар”, ЗТАЖЯ-ны “Тээврийн Үйлчилгээний Төв”, ЗТБХБЯ-ны “Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба” /УТҮГ/, “Автотээврийн үндэсний төв” /ТӨҮГ/-д техникийн хяналтын үзлэг-оношилгоо хариуцсан мэргэжилтэн, ерөнхий менежер, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. 
Ахмад тээвэрчин С.Насанбат нь Монгол улсын авто тээврийн салбарыг хөгжүүлэх, шинэ үеийн тээврийн салбарын мэргэжилтнийг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй шилдэг удирдагч, техникийн ухааны магистр, МУ-ын зөвлөх инженер байлаа. 
Тэрээр Авто Засварын Заводад ажиллах хугацаандаа Монголын ард түмний сайн мэдэх “Явуулын вагон сууц”, суудлын автомашинд зориулсан “Нэг голтой чиргүүл” зэрэг 180 гаруй шинэ нэрийн бүтээгдэхүүний зураг төсөл боловсруулж, загварууд болон шаардлагатай багаж хэрэгслийг санаачлан хийж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, 1999 оноос МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг “Автотээврийн газар”-т техникийн хяналтын үзлэг-оношлогоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа автотээврийн хэрэгсэлд үзлэг-тооллого хийж байсан уламжлалт аргыг бүхэлд нь өөрчлөн олон улсын жишигт нийцсэн техникийн хяналтын үзлэгийн тогтолцоог бүрдүүлэхэд манлайлан ажилласан юм.
Энэ үйл ажиллагааны хүрээнд олон улсын стандартын шаардлага хангасан орчин үеийн техникийн хяналтын үзлэгийн төвүүд байгуулагдаж улсын хэмжээнд жилийн турш ажиллаж эхэлснээр автотээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм. 
Түүний автотээврийн салбарт 40 жил ажилласан хөдөлмөр, зүтгэлийг үнэлж арвилан хэмнэлтийн “Улсын залуу аварга”, “VIII таван жилийн гавшгайч”, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, Автотээврийн салбарын 80, 90, 100 жилийн ойн медаль,  Тээврийн яамны “Хүндэт жуух”, МУЗГ-ын шагнал “Онц тээвэрчин”, “Автотээврийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”г-оор  тус тус шагнасан юм. 
Түүний ажилч хичээнгүй, төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанар, Монголын автотээврийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ /ТӨҮГ/

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26