Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс 2025 оны эхний 9 сарын байдлаар Засгийн газрын 11-11, Гаалийн ерөнхий газрын 1800-1281 лавлах утсанд болон бичгээр ирүүлсэн 43 гомдол мэдээлэлд холбогдуулан 79 албан хаагчийг шалгаж 39 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Ажил үүрэгтээ хайнга хандаж, хувь хүн, хуулийн этгээдийн бараа, тээврийн хэрэгслийг саатуулсантай холбоотой гомдол, мэдээлэл давамгайлж нийт гомдлын 28.21%-ийг эзэлсэн байна. Мөн 25.64% нь аудитын шалгалтаар зөрчил гаргасан нь тогтоогдсон, 7.69% нь хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн 5.13% нь авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн зөрчил гаргасан, ажил тасалсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Сахилгын шийтгэлд цалингийн хэмжээг бууруулах, гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв бууруулах, сануулах зэрэг арга хэмжээ авахаас гадна 5 албан хаагчийн Гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах, 4 албан хаагчийг гаалийн албанаас чөлөөлөх зэрэг шийтгэлийг оногдуулжээ.
Гаалийн байгууллага цаашид дотоод хяналтын үйл ажиллагаагаа улам сайжруулж, албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгахад чиглэсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна. Энэ оны 4-р сард “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг баталсан юм.