Үндсэн хуулийн цэц “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүйг дэмжсэн”-д түс тас цэг тавилаа. Дэмжих үү гэж асуучих байтал дэмжихгүйг дэмжих үү? гэсэн нь дэмий юм болсон байна. Аль нэг талд товчлуураа дараагүй 19 гишүүнийг эсрэг санал өгсөнд тооцсон ч хуруу нь биеэсээ салаагүй юм байна. Хуруу нь биетэйгээ хэрэлдээд салж кноп дараагүй 19-ийг 71-ээс хасчихаар 52 үлдэнэ. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах 64 саналд хүрээгүй 52 байж, 12-оор дутсаныг тогтоолоо.
16-ний ирцийг 17-ныхтой нийлүүлж, хоёр өдрийг нэг болгосон нь буруу гэж үзлээ. Дөрөв дэхэд хичээлдээ суусан ч тав дахид ирээгүй хүүхдийг бүртгээд дүн тавьж болохгүй юм байна. Өчигдөр нь ирцэд орчхоод зуурдаар өнгөрчихсөн бол нөгөө ертөнцөөс санал өгсөн гэж үзэх аргагүй юм байна.
УИХ дахь хувийн сургууль төгсөгчдийн клубийнхэн Цэцийн хуралд жагсаалаараа очсон ч Үндсэн хуультай, хөх тэнгэртэй хэрэлдэх аргагүй тул хурал хаяж гарлаа. Саранчулуун Цэцийг өөрийг нь цэцэд өгөхөөр хатуу шийдсэн. Хариуд нь Саранчулууныг Саранчулуунд өгсөн байна. Х.Булгантуяа би Үндсэн хууль мэдэхгүй юм чинь, одоо өмгөөлөгч л авъя ерөөсөө гэж хатуу шийдсэн байна. Хууль мэддэггүй л бол хууль зөрчиж болно гэсэн хууль бол байхгүй юм байна. Замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй бол торгох ёсгүй, жолооны эрхийг нь хасах учиргүй гэж баахан хүн барьцах шинжтэй байна.
Өдүүлсэн хэргээ маш сайн мэддэгийг нь шийтгэнэ гэвэл зөвхөн хуулийн докторууд балрах болно. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын эцсийн шийдвэрээр Засгийн газрын эрх сэргэлээ. Энэ жил Баянхонгорынхон ойчих нь уу гэтэл босож ирчхээд болохгүй байна.
АДМИН








Нийгэм







