Интернэт, сошиал сүлжээ хөгжихийн хэрээр сайн муу бүхэн ижил хурдтай тархах болов. Дэлхийн хаа нэгтээгээс гарсан хамгийн харгис, ёрын тоглоомууд хүүхдүүдийн гар дээр амархан очиж байна.
Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд “Choking game” хэмээх аюултай тоглоом нууцаар дэлгэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ бол зүгээр нэг тоглоом биш. Хүүхдүүд бие биеэ, заримдаа бүр өөрсдийгөө боомилж, ухаан алдах хүртлээ хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг ноцтой, амь насанд аюултай үйлдэл юм.
“Choking game” нь анх АНУ-д 1995 оноос бүртгэгдэж эхэлсэн бөгөөд 1997 он гэхэд 80 гаруй хүүхэд амь насаа алдсан баримт бий. Ангийн ширээн дээрээ гэнэт ухаан алдаж унасан мэт харагдах ч үнэн хэрэгтээ хүүхдүүд бие биеэ зориуд боомилж, тэр агшны “кайф”, хачин мэдрэмжийг тоглоом мэтээр хүлээн авдаг байж.
Зарим нь зүгээр л бусдыг ухаан алдахыг харан инээж зугаацна. Харин зарим нь резин, бүс, гараараа өөрийнхөө амьсгалыг боож, сулрах мөчид төрөх мэдрэмжид донтох аюултай.
АНУ 365 сая хүн амтай, жилд 3.6 сая хүүхэд төрдөг асар том улс. Харин Монгол Улс ердөө 3.5 сая хүн амтай, жилд 76 мянган хүүхэд төрдөг. Тиймээс гаднын орнуудад гарсан ийм ёрын тоглоом манай улсад тархвал нийгмийн хувьд учруулах хохирол харьцангуй хэд дахин илүү, нөхөж баршгүй байж мэднэ.
Найм, есдүгээр ангийн хүүхдүүд найзынхаа нүүр царай хувхай цайж, хүчилтөрөгчийн дутагдалд орж байгааг хараад шоолж, инээж хөхрөх нь хүний мөс чанар, монгол ёс суртахуунтай огтхон ч нийцэхгүй. Найзыгаа ухаан алдуулж, биеийн хяналтаа алдах хүртэл нь боомилж, олны доог болгож баясах нь “тоглоом” биш, харин амьд хүн дээр хийж буй харгис туршилт юм.
Хамгийн аюултай нь ухаан алдаад сэрчихлээ гээд асуудал дуусахгүй. Хүчилтөрөгчийн дутагдалд орсон мөч бүр тархинд далд гэмтэл үлдээдэг. Үүний улмаас:
- ой санамж муудна
- сэтгэн бодох чадвар буурна
- толгой байнга өвдөнө
- ухаан алдах, татаж унах шинж илэрнэ
- үеийнхнээсээ эрт зөнөх эрсдэл нэмэгдэнэ
- хожим сэтгэцийн эмгэг үүсэх магадлалтай
Энэ нь энгийн уналт, таталт биш. Цусны урсгалыг хүчээр зогсоож, тархийг “амь тэмцүүлж” байгаатай адил. Яг л голын усыг боочихоод, дотор нь байгаа загасыг тийчигнүүлж байгаатай ижил харгис үйлдэл юм.
Судалгаагаар энэ тоглоомоор 15-аас дээш удаа тоглосон хүүхдүүд өндөр эрсдэлд ордог гэж үздэг ч биеийн онцлогоос шалтгаалаад анхны удаад ч амь насанд аюул учирч болзошгүй.
Ухаан алдаад сэрэх үед “унтаад боссон юм шиг”, эсвэл “сансарт нисээд ирсэн мэт” мэдрэмж төрдөг хэмээн зарим хүүхэд ярьдаг. Харин тэр мэдрэмжийг дахин авах хүсэл нь тэднийг ахин дахин өөрийгөө боомилж, эцэстээ амь насаа алдах зам руу түлхдэг.
Эцэг эхчүүд хүүхдээ зүгээр л гэдэс цатгалан, мөр бүтэн байвал боллоо гэж бодох цаг өнгөрчээ. Сургууль, анги танхимд багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, удирдлагууд хамтарч ажиллаж, хүүхдүүдийн дунд ямар трэнд, ямар “тоглоом” тархаж байгааг анзаарч, эртхэн таслан зогсоох ёстой.
Нийслэлийн хэд хэдэн сургуулийн сурагчид үүнийг нууц биш, өдөр тутмын үзэгдэл мэт ярьж байна. Завсарлагаанаар. Анги дотроо. Заримдаа сургуулийн гадаа.
Найзынхаа ард зогсож байгаад гүрээний судсыг нь дарна. Амьсгаагаа гаргах мөчийг нь тааруулна. Ухаан алдаж унахад нь шоолж инээлдэнэ. “Марзан царай гаргадаг” гэж хүртэл хэлнэ. Зарим нь хамгийн амархан ухаан алддаг хүүхдээ “сонгож” тоглодог гэнэ.
Эхэндээ нэг удаа. Дараа нь дахин. “Унтаад сэрсэн юм шиг” мэдрэмж төрдөг тул дахин дахин туршмаар санагддаг гэж хүүхдүүд өөрсдөө ярьж байна. Гэхдээ ухаан алдах тусам толгой өвдөж, айдас төрдөг болсон тул больсон нь ч бий. Харин бусдын унахыг харах нь “хөгжилтэй” хэвээр.
Багш нар ч үүнийг мэддэг. Найм, есдүгээр ангийнханд түгээмэл. Анги, коридорт ч харагддаг. Загнаж, анхааруулдаг ч хүүхдүүд сургуулиас гадуур тоглодог гэдгийг багш нар нуухгүй байна. Бүр “хэвийн үзэгдэл” болсон гэх үг ч гарчээ.
Эмч нарын анхааруулга илүү ноцтой. Гүрээний судсан дээр дарах нь тархи, зүрх рүү очих цусыг багасгаж, зүрхний хэм алдагдах, цаашлаад зүрх зогсох хүртэл аюултай. Ухаан алдана гэдэг зүгээр нэг “түр зуурын” зүйл биш. Цусны бүлэн үүсэх, тархины цус харвалт өгөх эрсдэл ч дагуулна.
Нэг асуулт байна.
Хэрэв нэг хүүхэд эндвэл хэн хариуцах вэ?