Улсын унтраалгын сайд Б.Чойжилсүрэн гол дүрд нь тоглосон “Мартагдашгүй өвөл” кино хуваариар гарч байна. Хуваарьтай, хуваарьтай тог тасарч, хонгилын үзүүрт гэрэл биш Чойжоо үзэгддэг болоод байна. Намайг өндөр төлбөртэй гүтгэж байна гэж унтраалгын сайд аслаа. Цахилгаан зориуд тасалж, лифтэнд краштайгаа түгжигдэхийг мөрөөдсөн залуу, торгуулийн шидэлтээ алдахаа мэдээд заалны гэрэл захиалж унтраалгасан легионер сагсчин, тогоор халаалтаа санаатай шийдсэн айлууд, харанхуйд лайв хийсэн хүмүүс хандив цуглуулж Чойжоог гүтгэхээ зогсоохыг шаардаж байна.
"2-3 жилийн дараа Монголд тог тосарсан хэвээр байвал би улс төрөөс явна" гэж хэлсэн Т.Доржханд улс төрөөс яваагүй боловч улс төр Т.Доржхандаас явчихсан байна.
Эрчим хүч экспортолж доллар олно гэсэн чинь яав аа гэтэл импортолсон хэвээрээ байгаа тул Хандаа өөртөө улс төрөөс явах хугацаагаа 2028 он болгож сунгасан байна. Хав хар постер байвал Хандаа харанхуйд бясалгал хийж байгаа юм.
2024 оны сүүлээр гэрэл, дулааны үнэ тарифыг өсгөж олсон 560 тэрбум төгрөгийн ихэнх нь яг цахилгаан станцаасаа тасраад салаад явчихсан юм байна. Үнээ өсгөөд зуухаа засаагүй ч гэлээ мах сүү, гурил будаагаа үнэтэй болгож чадсан юм байна.
Гэрэлгүй тайзанд “Харанхуй төр” жүжиг ч гарахгүй боловч нүүрсний үнэ өндөр байхад Соёлын яамны төсөв 550 тэрбум, эрчим хүчнийх 298 тэрбум байв. Фүллхэм клубт подволкны 2 сая, “Аттикас партнерс” гэдэг жижиг компанид “Тамгагүй төр”-ийн реклам, Номингийн намтрыг гоё бичүүлэхээр 1,9 сая доллар тамга дарж нууж өгөх биш гал манаж, гэрэл асаахад зориулах байв.
Солонгосын зээлээр арван аймагт станц барих дампуу төсөл, гэрлийн хулгайн хэргээр Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нар шалгагдаж байна. Б.Чойжилсүрэнд сайдын халуун суудлаа өгч Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан Н.Тавинбэх, Б.Чойжилсүрэнгийн нэг сумын П.Товуудорж, нэг ангийн Б.Бямбасүрэн, нэг хотхонтой Б.Нямаа нар мөрдөн шалгуулж, хонгилын үзүүрт гэрэл биш унтраалга дарсан Чойжилсүрэн үзэгдэж байгаа юм байна.
Эрдэнэбүрэн, Эгийн гол, Шүрэн, Шивээ-Овоо, Багануур, Тавантолгой, 5-р цахилгаан станцын төслүүд гуч гаруй жил цаасан дээрээ тасарлаа. Давахгүй гэсэн даваанд гурав унагасан Ц.Даваасүрэн нарын агуу их эх орончдын буянаар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй Монгол гал алдаж байна.
АДМИН








Нийгэм







