Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, хилчдийн болон хил орчмын иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар мэдээлэл солилцов.
Мөн Хил хамгаалах байгууллагын "Хил хамгаалалтын удирдлагын нэгдсэн төв"- ийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн цэргийн анги, салбаруудын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчидтай цахим уулзалт хийлээ.
Эрүүл мэндийн салбарт бодит цагийн мэдээлэлд суурилсан цахим систем, удирдлагын тогтолцоог хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм. Уг системийг хөгжүүлэхэд олон улсын “С5” ангиллын болзлыг хангаад буй Хил хамгаалалтын удирдлагын нэгдсэн төвийн туршлага чухал болохыг онцоллоо.
Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үзлэг, орны ачаалал, түргэн тусламжийн дуудлага, халдварт өвчний тандалт, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүний нөөцийн мэдээлэлд нэгдсэн удирдлага, бодит цагийн мониторинг шаарддаг. Иймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг тэмдэглэв.

Кибер аюулгүй байдлын "С5" ангилал нь өгөгдлийн шинжилгээ хийх боломжтой, кибер аюулгүй байдлыг бүрэн хангасан, бодит цагийн мониторинг хийх цогц систем юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








