Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид дүрмийн бус харьцаа үүсгэж, бие биедээ хүч хэрэглэсэн явдал удаа дараа гарсантай холбогдуулан Комиссын гишүүн Б.Энхболд /2026 оны 01 дүгээр сарын 27/ Дотоод цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан болон удирдлагуудтай уулзаж, тайлбар мэдээлэл авлаа.

Уулзалтаар Дотоод цэргийн штабын зүгээс Комиссын гишүүний 2025 оны 12 дугаар сарын 07/04 дугаар зөвлөмжийн хэрэгжилт болон хугацаат цэргийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан талаар явуулсан албаны шалгалтын урьдчилсан дүнг танилцуулсан юм. Комиссын гишүүн Б.Энхболд тус ангид давтамжтай гарч буй дүрмийн бус харьцааг бүрэн таслан зогсоох, цэргийн алба дахь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаарх Монгол Улсын Их хурлын 2022 оны 49 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах талаар илүү хүчин чармайлт гаргаж ажиллахыг зөвлөж, Комиссын гишүүний зөвлөмжийг тогтоосон хугацаанд бүрэн биелүүлж, хариу ирүүлэхийг мэдэгдлээ.
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх талаар үр дүнтэй арга хэмжээ авах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллаж, харьяа анги, байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах саналаа илэрхийлж, хамтран ажиллахаар тогтов.


Уулзалтад ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, Дотоод хяналт-аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Бум-Эрдэнэ нар оролцов.
АДМИН







Нийгэм








