Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Төсөл хөтөлбөр, судалгааны газрын дарга Б.Тамир болон холбогдох албаныхан “Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам” барих төслийн ажлыг гардан гүйцэтгэж буй ААН, компанийн төлөөллийг (2026.01.27) хүлээн авч уулзлаа.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын эхний үе шатны доод бүтцийн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дотоодын 70 орчим ААН, компаниуд хийж гүйцэтгэж байна.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, хичээл зүтгэлтэй ажиллаж буй ААН, компаниудын төлөөлөл, инженер техникийн ажилчдаас төслийн санхүүжилтийг хэсэг хугацаанд гацааж, хүндрэл учруулсандаа албан ёсоор хүлцэл өчиж, төслийн санхүүжилтийг тун удахгүй олгох болсныг дуулгалаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнөөдөр төслийн бүтээн байгуулалтын ажил 96 хувьтай, ахицтай урагшилж байна. Салбар хариуцсан сайдын зүгээс болон ЗТЯ-ны хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна. Төр засгийн ажил удааширснаас та бүхнийхээ ажлын хөлс, санхүүжилтийн асуудлыг хэсэг хугацаанд гацааж, багагүй хүндрэл учруулсандаа албан ёсоор хүлцэл өчиж байна. Санхүүжилтийн асуудлыг тун удахгүй олгоно.
Бидний зүгээс өнөөдөр хэнийг ч хохироохгүй байх үүднээс “Монголын төмөр зам” ТӨХК санхүүжилтийг олгохдоо үндсэн гэрээлэгч компаниуд туслан гүйцэтгэгч компаниуд, тэдний ажилчдыг хохироохгүй байх үүднээс шударга зарчмаар санхүүжилтийг олгоно. Өөрөөр хэлбэл, үндсэн гэрээлэгч компани туслан гүйцэтгэгч компанийнхаа санхүүжилтийг бүрэн шилжүүлсний дараа үлдэгдэл санхүүжилтээ авах зарчмаар ажиллана. Аль ч шатандаа хүндрэл чирэгдэлгүй, хохирол гомдолгүй хамтарч ажиллана” гэв.
АДМИН








Нийгэм






