Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба Оросын Холбооны Улсын Агаарын цэргийн хүчин, Агаарын довтолгооноос хамгаалахын гвардийн 11 дүгээр армийн 266 дугаар гвардийн дайрагчийн нисэхийн хорооны “Монгол ард” эскадрилийг “Сүхбаатарын одон”-гоор шагнах ёслолын ажиллагаанд оролцов.
Аугаа их Эх орны дайны хүнд он жилүүдэд Монголын ард түмэн “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор Зөвлөлтийн ард түмэнд бүх талын дэмжлэгийг үзүүлж байсан бөгөөд түүний дотор “Ла-5” загварын байлдааны 12 онгоцноос бүрдсэн нисэх онгоцны “Монгол ард” эскадрилийг 1943 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗХУ-ын сөнөөгч нисэх онгоцны 322 дугаар дивизийн Гвардийн 2 дугаар хороонд хүлээлгэн өгч байсан билээ.
Ийнхүү “Монгол ард” эскадрилийн бие бүрэлдэхүүн 1944 оноос Беларусь, Литва, Польш, Дорнод Пруссыг чөлөөлөх байлдааны ажиллагаанд цэргийн гол бүлэглэлийг агаараас хамгаалах, Германы анги, нэгтгэлийн аэродромуудыг тагнан илрүүлэх үүргүүдийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн түүхтэй.
Өнөөдрийг хүртэл “Монгол ард” хэмээх эрхэм алдрыг түүчээлэн хадгалж ирсэн хороог Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийг зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнасан. Тус хүндэт шагналыг гардуулах ёслолын ажиллагаа Чита хотноо 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа.
|
Эх сурвалж
| Батлан хамгаалах яам
|
АДМИН








Нийгэм







