МУСТА, дуучин А. Хосбаяр, түүний охин Х. Номин-Эрдэнэ нартай ярилцлаа.
А. Хосбаяр: 2003-2008 оны хооронд Соёл урлагийн их сургуулийг дуулаачийн мэргэжлээр Монгол улсын ардын жүжигчин А.Даш-Өлзий багшийнхаа удирдлагад суралцаж дуучин гэх сайхан мэргэжлийг эзэмшиж төгссөн. СУИС-д сурахаасаа өмнө Төв аймгийн хөгжимт драмын театрт 2001-2003 он хүртэл дагалдан дуучнаар ажиллаж байсан. Дуучин гэж цоллуулж урлагийн амьдралд хөл тавиад 20 гаран жил болсон байна.
Х. Номин-Эрдэнэ: Би МУИС-д сэтгүүлч мэргэжлээр сурдаг 4-р курсийн оюутан.
Нийгмийн сүлжээнд хамт бичлэг хийдэг. Анх хэрхэн эхэлж байв? Хүмүүс яаж хүлээж авсан бэ?
А. Хосбаяр: Би сошиал, утсаа ч тааруухан эзэмшдэг хүн. Осолдохгүй өөрийн хэрэгтэй зүйлсээ ороод л харчихдаг. Бусдаар бол идэвхтэй хүн биш. Нэг өдөр хотын төвд Номио машинд хүлээж байсан юм. Орж ирсэн чинь надаас юм асуугаад л би бичлэг хийж байгааг нь анзаараагүй. Тэр бичлэгийг үзээд хүмүүс их шоолж, эерэг сэтгэгдлүүд үлдээсэн байсан. Би хэзээ нэгэн цагт бичлэг хийж хариугаа авна гэж бодоод чадахгүй л явна.
Х. Номин-Эрдэнэ: “Миний хайр хөөрхөн шүү” гэсэн сэтгэгдлүүд их байдаг. Тэгэхээр л аав “Энэ чамтай үерхдэг юм уу?, Ямар аймар юм” гээд байдаг. Сүүлд бас аав миний мессежийг уншсан. “Сайн уу бүсгүй, шөнийн мэнд” гээд биччихсэн хүмүүс байдаг. Аав “Алив зураг руу нь ороод харья” гээд байсан.
Охиноо ямар хүнтэй ханилаасай гэж боддог вэ?
А. Хосбаяр: Сайн хайрлаж чадах, бие биеэ ойлгож л байвал тэр нь ийм энэ нь ийм гэхгүй. Монгол л хүн байвал болно доо.
Х. Номин-Эрдэнэ: Аав намайг “Миний охин хөдөө аж ахуйтайгаа ойр, морь мал мэддэг хүнтэй суугаарай” гэсэн. Би хүнтэй танилцахдаа морь унаж чаддаг уу?, Морь мэдэх үү? гэж асуух юм шиг байгаа юм.
Аавынхаа дууг сонсоод ямар мэдрэмж төрдөг вэ? Бахархах мэдрэмж төрдөг байх?
Х. Номин-Эрдэнэ: Аав зурагт, дэлгэцээр намбатай, ууртай ч юм шиг харагддаг хэр нь гэртээ тийм биш. Намайг хажуугаар нь өнгөрөх хооронд чимхээд л, дэгээдээд л байдаг. Манай ангийнхан “Танай аав ууртай байх, ааштай байх” гээд байдаг юм. Эсрэгээрээ цайлган сэтгэлтэй, хөгжилтэй хүн.
Таны бодлоор цагаан сар ямар баяр вэ?
Х. Номин-Эрдэнэ: Ойр донтны хамаатан, садантайгаа олуулаа шаагилдаад, аз жаргалтай байхыг цагаан сарын гол утга учир гэж боддог.
А. Хосбаяр: Өтгөс буурлаа хүндлэх, хамаатан саднаа мэдэж авах, тэр дундаа монгол дээл хувцсаараа гоёх нь үндэсний дархлаа. Монголчууд наадам, цагаан сарыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Өөрсдийн хэмжээнд жил болгон тэмдэглэх хэрэгтэй. Ёс заншил бага багаар бүдгэрч байна гээд байдаг. Гэхдээ хөдөө ёс заншлынхаа дагуу, биднийг бага байхад яаж тэмдэглэдэг байсан яг тэр хэвээрээ болж байгаа. Цагаан сарын баяр бол монгол хүн гэдгээрээ бахархах баярын нэг.
Санаанаас гардаггүй цагаан сарын дурсамжаасаа хуваалцаач?
А. Хосбаяр: Хүн болгонд хүүхэд насны нандин дурсамж байдаг. Үеийн найз нөхөлтэйгөө 4,5-уулаа нийлээд 20,30 км-ын алсад айл алгасахгүй ордог байсан. Орой нь шуудай дүүрэн боов, дэвтэр гэх зэрэгтэй ирдэг байсан. Морь нь хөлөрчихсөн, өөрөө нэлээн амьсгаа өндөртэй л ирдэг байлаа. Хүүхэд насны аав, ээжтэйгээ байсан, ах нарыгаа дагаж хамгийн гоё морьдоо унадаг байсан тэр дурсамж хэзээ ч санаанаас гардаггүй.
Х. Номин-Эрдэнэ: Миний хувьд хамгийн дурсамжтай цагаан сар гэвэл жил болгоны цагаан сар. Миний хамгийн дуртай баяр бол цагаан сар. Хөдөө гаргасан цагаан сар хамгийн гоё нь байдаг.
Гал морь жил гарч байна. Уншигчдадаа зориулж мэндчилгээ дэвшүүлнэ үү.
А. Хосбаяр: Гал морь жилдээ аз хиймориор дүүрэн эрүүл энх, айл бүхэн аз жаргалтай, инээд хөөрөөр бялхаж явахын ерөөл өргөе.
Х. Номин-Эрдэнэ: Та бүхэнд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм








