XVII жарны гал морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр “Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа.
Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар “Алтан магтаал”-ыг бүрэн эхээр нь хайлсны дараа төрийн залгамж хэлхээ тасаршгүй, түмэн олон амгалан байхыг бэлгэдсэн агуулга бүхий “Эзэн улаан бодон” тууль хайллаа.
Монгол тууль хайлах зан зүйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн тухай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тууль судлаач, доктор Т.Баясгалан, МУБИС-ийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, тууль судлаач, доктор Б.Нанжид нар тайлбарлалаа.
Баатарлаг тууль хайлах ёслолыг “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.
Монгол туулийг ЮНЕСКО 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэн, түүний үнэ цэнийг дархалж, хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвшөөрч, дэлхий дахинд баталгаажуулсан юм.
АДМИН








Нийгэм








