Прокурорын байгууллага 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 39,942 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 36,438 буюу 91.2 хувийг газар дээр нь, 644 буюу 1.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 690 буюу 1.6 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 36,783 буюу 90.5 хувийг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 901 буюу 2.2 хувийг, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 835 буюу 2.1 хувь, Танхайрах зөрчил 755 буюу 1.9 хувийг, Хүний биед халдах зөрчил 259 буюу 0.6 хувийг, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 234 буюу 0.6 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлөөс 3амын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн зөрчил 31.4 хувийг, Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчил 16.7 хувийг эзэлж байгаа юм.
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 197 шийдвэрийг хянаж, 9 буюу 4.6 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 20 шийдвэрийг хянаж, 1 шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 1 шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Зөрчлийн улмаас нийт 634,719,022 төгрөгийн хохирол учирснаас 7.4 хувийг буюу иргэн, аж ахуйн нэгжид учирсан 46,309,527 төгрөг, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 820,000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









