ОБЕГ-т 02 дугаар сарын 25-ны өдрийн 01:30 цагт Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаат багийн “Цагаан хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ автомашинтай иргэд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 02 дугаар сарын 25-ны өдрийн 12:50 цагт Рашаат багийн “Хоргой” гэдэг газраас иргэн Х /34 настай, эрэгтэй/, М /32 настай, эмэгтэй/ нарыг “Land Cruiser Prado-150”, мөн иргэн Х /37 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нарыг “Land Cruiser-200” загварын суудлын автомашинтайгаар малаа хоргоож байхад нь эсэн мэнд олж тогтоожээ.
Мөн Дорнод аймаг, Баянтүмэн сум Жаргалан багийн “Мангирт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т 2 иргэн автомашинаар зорчиж яваад автомашин нь цасанд суусан 1 хүн нь /архи уусан/ автомашинаасаа бууж явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 09:20 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиж цасанд суусан иргэн Т-ын “Insight” загварын автомашиныг татан гарасан бөгөөд иргэн Г /45 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багийн “Хутаг-Уул” гэдэг газар /автомашин цасанд суусан газраас баруун зүгт 13 км/-аас эсэн мэнд олжээ.
Тус бүс нутгаар цасан шуурга шуурсан хэвээр, гамшгийн эрсдэл буураагүй байгаа тул иргэд, малчид тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, цасан шуурга намжтал аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм








