Dark Light
Нийгэм | 2026-02-26

ХЭҮК: ХҮҮХДЭЭР ХОРИГЛОСОН ХУГАЦААНД ХУРДАН МОРЬ УНУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Хүний эрхийн үндэсний комиссоос сар шинийн баяраар зарим аймагт хурдан морины уралдаан зохион байгуулсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяр: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ээс тав дугаар сарын 1-ны өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон тогтоол баталсан. Энэхүү тогтоолд 2025.01.29-ны өдөр өвөл хаврын хурдан морины уралдаанд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унахыг хориглоно гэсэн өөрчлөлт оруулсан. Гэвч энэ хугацаанд уралдаанд хүүхдүүд оролцож байгаа асуудал тасралтгүй гарч байгаа. Үүнээс үүдэлтэй хүүхэд бэртэж, гэмтэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, амь насаа алдах тохиолдлууд гарсаар байна. Сүүлд сар шинийн баярын өмнө Хөвсгөл аймгийн Галт суманд хурдан морины ажил хийж байсан унаач хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хөвсгөл аймгийн ХГХХГ-аас холбогдох, шалгагдах ажиллагаанууд явагдаж байгаа. Мөн ХЭҮК үүн дээр хяналтаа тавиад явж байгаа. Төв аймгийн Сэргэлэн сумын олон тооны уяачдын морины зүчээнд үсэргээний шинжтэй үйл ажиллагаа явагдсан. Төв аймгийн ХГХХГ-аас хяналт, шалгалтын ажиллагаанууд явагдаж байгаа.

Дээрх хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааны шинжтэй үйл явдал болсон, Засгийн газрын хэрэгжилтийг орон нутагтаа хангаж ажиллаагүй үндэслэлээр нэр бүхий зургаан аймгийн 11 сумын засаг даргад хариуцлага тооцох комиссын шаардлагыг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулсан. Шаардлага, зөвлөмжийг хүргүүлж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа боловч асуудал үргэлжилж, хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 46 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан гэх мэдээлэл байна. Жил бүр дор хаяж нэг хүүхэд нас барж байгаа харамсалтай тоо мэдээлэл. Үүнээс хориглосон хугацаанд 22 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан. Мөн 52 хүүхэд мориноос унаж гэмтлийн зэрэг тогтоолгосон. Гэмтлийн зэрэг тогтоолгоогүй, гар хөлөө хайруулсан, зулгаралт авсан, тархи доргих тохиолдлууд маш их бий.

Хүүхдийг аливаа эрсдэлт хүчин зүйл рүү битгий түлхээсэй гэж хүсэж байна. Хориглосон хугацаа цаг агаарын нөхцөл байдал хүнд, хаврын улирал гэдэг хүүхэд морины уралдаанд оролцох байтугай энгийн хөдөө орон нутгийн ажил, хөдөлгөөнд оролцоход хүртэл асар хүнд байдаг. Хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдээр унуулах нь үндэсний ондоошил мөн. Гэвч ондоошлыг хадгалахын тулд хүүхдийн эрүүл мэнд, амь насыг золиослох, амьдралын чанарыг бууруулах нөхцөл байдал бий болгож болохгүй. Уяачид ард иргэд олон улсын гэрээ, үндсэн хууль, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоогдсон эрх зүйн хэм хэмжээг дагаж хориглосон хугацаанд хүүхдээр хурдан морины ажил хийлгэхгүй байх, уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулахгүй байхыг уриалж, зөвлөж, шаардаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22