Ардчилсан нам 4:11 мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан:
“An.mn сайт дээр иргэдийн зарим мэдээлэл ил гарсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-аар тухайн сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн намуудад сонгогчдын 5 агуулга бүхий мэдээллийг цахимаар олгодог. Энэ хүрээнд 2024 оны 5 дугаар сард АН-д 2 сая гаруй сонгогчийн мэдээллүүд ирсэн. Эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, мөн оршин суугаа газрын хаяг, нас, хүйс гэсэн мэдээллүүдийг 2024 оны УИХ-ын сонгууль-д оролцсон бүх намуудад цахимаар олгосон байгаа. Энэ хүрээнд бид АН-д гишүүн байгаа болон гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлж байгаа иргэд регистрийн дугаараа хийж өөрийн мэдээллийг баталгаажуулах зорилгоор цахим системдээ тэр мэдээллийг байршуулсан байсан. Харамсалтай нь иргэд өөрсдийн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчноор өөрсдөө нээсэнтэй холбоотой түр хугацаагаар тэр мэдээллийг бид хаасан байгаа.
Энэ асуудалтай холбоотой ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. Энэ мэдээлэл нь хуулийн хүрээнд буюу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-ыг та бүхэн харах ёстой. Цахимаар ирсэн мэдээлэл учир хууль бус мэдээлэл биш. АН иргэдийн хувийн мэдээллийг өөрсдөө задруулсан зөрчил байхгүй. Гол нь иргэд өөрсдөө орж үзчихээд цахим сүлжээгээр дамжуулаад өөрийн мэдээллийг ил болгосонтой холбоотой бид зохицуулалт хийсэн байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хууль-д хувийн мэдээллийг цахимаар олгоно гэснээс биш, яг энэ үед ашиглана гэсэн нарийн зохицуулалт байхгүй. Иймээс улс төрийн намын хувьд намын гишүүд нь өөрсдөө иргэд, сонгогч учраас сонгогсдынхоо мэдээллийг бүртгэл давхцуулахгүйн үүднээс өөрсдийн мэдээллийг баталгаажуулах байдлаар хийсэн” гэж мэдээллээ.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









