Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ээлжит чуулга уулзалтад 200 гаруй улс орны төлөөлөл, олон улсын байгууллагын ажиглагчид оролцож, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр голлох асуудлуудыг хэлэлцлээ.
Чуулга уулзалтаар Австри, Итали болон Сингапур улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцэн, баталсан бөгөөд харилцан үнэлгээг тавдугаар шатны шинэчлэгдсэн, эрсдэлд суурилсан аргачлалаар гүйцэтгэснээрээ онцлог байв. Тус шинэчлэгдсэн аргачлалын дагуу улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний замын зураглалыг ФАТФ-ын чуулга уулзалтаар баталж, уг замын зураглалд тусгагдсан арга хэмжээг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх шаардлагыг холбогдох улс орнуудад тавьж байна.
Мөн стратегийн хүрээнд цахим орчинд үйлдэгдэж буй залилангийн цар хүрээ нэмэгдэж байгаатай холбогдуулан холбогдох баримт бичгүүдийг баталж, энэ хүрээнд залилангаас урьдчилан сэргийлэх, хохирогчдын хөрөнгийг буцаан олгох, гэмт этгээдүүдийг хуулийн хариуцлагад татах чиглэлд инновацад суурилсан арга хэрэгслийг ашиглах шаардлагыг онцоллоо. Түүнчлэн виртуал хөрөнгийн хил дамнасан шинж чанар, технологийн хурдацтай хөгжлийг харгалзан оффшор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид, мөн стэйблкойн болон өмчлөгчгүй хэтэвчтэй холбоотой шинээр үүсэж буй эрсдэлийг бууруулахад чиглэсэн тайланг баталж, энэ чиглэлээрх хяналт, зохицуулалтыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
Энэ удаагийн чуулга уулзалтаар ФАТФ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан ФАТФ-ын дэд Ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэж байгаа Их Британи Улсын Гэйлс Томсонг томилохоор шийдвэрлэв.
Мөн ФАТФ-ын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтад Кувейт, Папуа Шинэ Гвиней зэрэг улсуудыг оруулахаар шийдвэрлэсэн бол мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй байна.
|
Эх сурвалж
| Санхүүгийн Зохицуулах Хороо
|
АДМИН








Нийгэм









