“Туул усан цогцолбор” төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах стратегийн шинэ эх үүсвэр болно.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Kalpataru Projects International Limited (KPIL) компани Монгол Улсад хэрэгжүүлэх усны томоохон төслүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үе шаттайгаар үргэлжилж байна.
Эхний ээлжинд төслийн байршлыг сонгох урьдчилсан судалгааг гүйцэтгэж, геологи, газрын хэлбэршил, ус хуримтлуулах боломж зэрэг үндсэн шалгууруудаар харьцуулсан үнэлгээ хийсэн байна. Үүний үр дүнд хамгийн тохиромжтойд тооцогдсон гуравдугаар байршлыг сонгон, цаашдын нарийвчилсан судалгаа, зураг төслийн ажлыг тухайн цэгт төвлөрүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард холбогдох байгууллагуудын уулзалтаар төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг түргэвчлэх, дараагийн үе шатны судалгаануудыг уялдаа холбоотой, цогц байдлаар боловсруулах шаардлагатайг онцлон, үүрэг чиглэл өгсөн юм.
Энэхүү төслийн хэрэгцээ шаардлага нь нийслэлийн өнөөгийн усны хэрэглээ, эх үүсвэрийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Тодруулбал, Улаанбаатар хот хоногт ойролцоогоор 200 мянган метр.куб усыг төвлөрсөн системээр хангаж байгаа бөгөөд үүний дийлэнхийг хүн амын унд, ахуйн хэрэглээ эзэлж, үлдсэн хэсгийг үйлдвэрлэл, эрчим хүч, үйлчилгээний салбар ашиглаж байна. Нийслэлийн усан хангамж бүхэлдээ газрын гүний усанд тулгуурладаг бөгөөд энэ нь хотын цорын ганц эх үүсвэр хэвээр байна.
Гэвч хүн амын өсөлт, орон сууцжуулалт, үйлдвэрлэлийн өргөжилтөөс шалтгаалан усны хэрэглээ жил бүр нэмэгдэж, цаашид улам өсөх төлөвтэй байна. Үүн дээр уур амьсгалын өөрчлөлт, хур тунадасны жигд бус байдал, хуурайшилтын нөлөө давхцсанаар гүний усны нөхөн сэргэх чадвар буурах эрсдэл үүсэж байгаа нь усны нөөцийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн усны систем нэг эх үүсвэрээс хэт хамааралтай, эмзэг бүтэцтэй хэвээр байгаа нь бодит сорилт болж байна.
“Туул усан цогцолбор” нь гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгох бөгөөд урьдчилсан судалгаагаар тус байгууламж 5,569 га ус хурах талбайтай, 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай байхаар тооцоологдсон. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх инженерийн үндсэн шийдэл нь нийслэлийн өсөн нэмэгдэх хэрэгцээг урт хугацаанд хангах боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.
Төсөл хэрэгжсэнээр гадаргын усыг зохицуулалттайгаар ашиглах нөхцөл бүрдэж, гүний усны хэт ашиглалтыг бууруулна. Мөн үерийн урсацыг зохицуулах, үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарын усан хангамжийг нэмэгдүүлэх, улмаар нийслэлийн усны нөөцийн менежментийг илүү тогтвортой, олон тулгуурт бүтэцтэй болгох стратегийн ач холбогдолтой юм.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









