Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилах гэмт хэргийн талаар өмгөөлөгч Б.Батбаяр: Иргэд амьдралынхаа туршид орон сууц худалдах, худалдан авах гэрээнд цөөн удаа оролцдог. Харин худалдан авахгүй байсан ч орон сууц түрээслэх харилцаанд ордог. Энэ нь өндөр өртөгтэй, эрсдэл дагуулсан хэлцэлд тооцогддог.
Тухайлбал, зөвхөн 2025 оны байдлаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилах гэмт хэрэг мянга гаруй бүртгэгдэж, нийт 120 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Харин нөхөн төлөгдсөн дүн нь 50 орчим тэрбум төгрөг байгаа нь энэ төрлийн харилцаа өндөр эрсдэлтэйг харуулж байна.
Иймд иргэд дараах асуудалд анхаарах шаардлагатай.
Нэгдүгээрт, орон сууцанд амьдарч байгаа нь өмчлөгч болсон гэсэн үг биш. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь зөвхөн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, таны нэр дээр гэрчилгээ гарснаар үүсдэг.
Мөн гэрээ байгуулсан ч өмчлөх эрх шууд үүсэхгүй. Гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа өмчлөх эрх хүчин төгөлдөр болно. Тиймээс “мөнгөө төлсөн, амьдарч байгаа учраас миний өмч” гэсэн ойлголт буруу юм.
Хоёрдугаарт, орон сууц түрээслэхдээ өмчлөгчийг заавал шалгах шаардлагатай. Үл хөдлөх хөрөнгийн хувьд эзэмшигчийг зөвхөн ашиглаж байгаагаар нь тодорхойлох боломжгүй, заавал бүртгэлийг нь шалгах ёстой.
Сүүлийн үед хоногийн түрээсийн байрыг нэг хүн түрээслээд, бусдад дахин түрээслэх, бүр худалдах нэрээр залилан үйлдэх тохиолдол гарч байна.
Иймд иргэд E-Mongolia платформоор дамжуулан үл хөдлөх хөрөнгийн лавлагааг тухайн газар дээр нь гаргуулж, өмчлөгчийг шалгах нь эрсдэлээс сэргийлэх хамгийн найдвартай арга юм.
Учир нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг хуурамчаар үйлдэх боломж байдаг тул албан ёсны системээс шууд шалгах нь зүйтэй.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм









