Монгол Ардын намын Бага хурлын II хуралдааны эхэнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" сэдэвт улс төрийн илтгэл тавив.
Тэрбээр: Монгол Ардын намын Бага хурлын гишүүдээ!
Эрхэм журмын нөхдөө
Та бид гал морин жилийн гарааны зурхай дээр их өөрчлөлтийг бүтээхээр энэ танхимд хуран цуглаад байна. Хаврын тэргүүн сарын шинийн 10-нд эрх чөлөөний шинэ замын шанг татахаар цуглаад байна. Монгол оронд морин жилд оюун санааны их тэсрэлт болдог. Монгол оронд морин жилд эрс өөрчлөлт шинэчлэл түрхрэн өрнөж, эрх чөлөөний нар мандаж, гал дүрэлздэг.
Өнөөдөр Та бид эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахаар цуглалаа. Эрх чөлөөт Монгол Улсын иргэн өнөөдөр эрхээ эдэлсэн шиг эдэлж байна уу? Үүнд “Тийм” гэж итгэл төгс хариулах хүн олдохгүй. Тийм ч учраас Та бид эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ. Эрх чөлөөгөө эдлэх олон түмний нэхэл шаардлага, нэгдэн нийлсэн их түрлэгийг ямар ч хүнд суртлын хана хэрэм хааж зогсоож чадахгүй. Хүний заяамал төрмөл эрх чөлөөг хиймэл зохиомол дүрэм журмаар хавчин хязгаарлах аргагүй.
Эрх чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш ээ. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм.
Ийм энгийн бодит үнэнийг эрхэмлэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө илтгэлээ Та бүхэндээ толилуулж байна.
Бага хурлын гишүүд ээ!
“Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэж 3 сарын өмнө хэлсэн үгэндээ эзэн байхын төлөө энд би зогсож байна. Та бүхэн ч ард түмэндээ эргэн ирнэ гэсэн үгийг үйлдэл, үр дүн болгохоор ирсэн гэж итгэж байна. Ардын нам ард түмнээсээ алсарч холдсон гэдэг үнэнээ бид хамтдаа хүлээн зөвшөөрсөн. Уран үг биш үнэн үг. Үнэнээ хүлээн зөвшөөрөх нь алдаагаа засах анхны алхам. Буруугаа мэдэх нь зөв замын эхлэл юм. Ням-Осорын Учрал би намын 31-р Их хурлын 2250 төлөөлөгч, Та бүхний итгэлээр Монгол Ардын намын даргаар сонгогдсоноо өндөр хариуцлага хэмээн ухамсарлан, уламжлал дээр суурилсан шинэчлэлийн төлөө хичээн ажиллаж байна.
Улс төрийн нам бол амьд организм. Буруу зуршлаа таягдан хаяж, зөв хэвшилд дадан суралцаж, өөрсдийгөө баригдмал сэтгэлгээнээсээ чөлөөлж байж, Ардын нам ардынхаа итгэлд эргэн ирнэ, түмнийхээ сэтгэлд дахин төрнө хэмээх зорилго бол миний үзэл санааны чиг шугам юм.
Тулсан бэрхийг туулж бүтээсээр ирсэн Монгол Ардын Нам шинэ сорилтын өмнө ирлээ. Аливаа шинэ сорилт болгон шинэ түүх бүтээх боломжийг эрэлхийлдэг. Монгол Ардын намын 105 жилийн ой, Эх орончдын баярыг тэмдэглэхийн утга учир нь ч алдаагаа засаад, ололтоо бататгаж, шинэ түүхээ бүтээхэд оршино. Ардын нам унасан ч босдог нам, уруудсан ч өгсдөг нам гэдгээ ахин батлан харуулах нь өнөөгийн бидний үүрэх ачаа, туулах зам.
Өнөөдөр Та бид Ардын нам ардынхаа итгэлд эргэн ирэх замаа зураглана. Улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад, дотоод нөхцөл байдал, олон нийтийн хүсэл хүлээлт, нэхэл шаардлагыг долоо хэмжиж, нэг огтолж, явах зам, хандах зүг, хүрэх зорилгоо тодорхойлно. Та бүхнийг ухаан бодлоо уралдуулан, ардынхаа итгэлд эргэн ирэх их замын чиг шугамаа хамтдаа тодорхойлон гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.
Бага хурлын гишүүд ээ!
Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтөө иж бүрэн зураглан тодорхойлоход дэг журам нь хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин буй дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан авч үзлээ. Дэлхийн 2-р дайны дараа тогтсон дэг журам ганхаж, өнөөдөр хамгийн тодорхойгүй байдал хамгийн тодорхой байдалтай байна. Их гүрнүүдийн зөрчил хямрал гүнзгийрч, улс төр, эдийн засаг, геополитик, геостратегийн өрсөлдөөн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эрчим хүч, элч энерги, түүхий эдийн нөөц, соёлын ширүүн тэмцэл болон өргөжлөө. Монгол улс цээжинд нь оршдог Ази тивд дэлхийн эдийн засгийн хүндийн төв шилжлээ. Дэлхийн ДНБ-д эзлэх Ази тивийн хувь 26 жилийн дотор 35%-аас 47% болон өсөн нэмэгдлээ. Ази тивийн эдийн засгийн дундаж өсөлт дэлхийн дунджаас 2 дахин өндөр буюу 4.5%-д хүрлээ.
Нэг талаас даяаршлын хил хязгааргүй боломж, нөгөө талаас үндэстний ондоошил, дэлхийд Монголоороо үлдэх торгон заагаа хамгаалах шинэ сорилттой тулгарч байна. Дэлхийг нөмөрсөн цар тахал, дахин татагдсан төмөр хөшиг, дайн байлдаан, зөрчил мөргөлдөөн ар араасаа залгаж, халуун цэгүүд бөмбөрцгийн бөөр бүхэнд асаж байна. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөх ёсгүй үндэстний ондоошлоо хадгалах, сөрөн тэсвэрлэх нь бидний давах ёстой сорилт болоод байна.
Үе үеийн эх орончдын амиараа тулж босгосон, эрхэмлэж яваарай хэмээн захиж үлдээсэн тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлан гагнах зорилго өвөртлөн, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо боловсруулан дэвшүүлж байна.
Эрх чөлөөтэй нийгэм эрүүл нээлттэй, иргэндээ итгэдэг төр илүү хүчтэй. Төр оршихуйн баталгаа нь түмэн олны итгэл, улс төрийн намын амжилтын үндэс нь ард түмний дэмжлэг юм. Эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр, иргэний хаягаар хүргэх үндсэн арга зам нь хүний эрх чөлөө, хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаа, хууль журмын гох дэгээ, төрийн хэтийдсэн их оролцооноос чөлөөлөх явдал гэдэгтэй хэн ч маргахгүй.
“Иргэн баян бол улс баян” хэмээх үзэл санааныхаа төлөө амиа зориулсан Ардын намын анхны дарга Солийн Данзангийн үйл хэрэг, үлдээсэн өвийн үнэ цэнийг мартах учиргүй. Эх орны эрдэнэс баялгаа илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж, үйлдвэрлэн боловсруулж, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөх нь бидний гэрийн даалгавар юм. Евразийн 5 улсын 2,4 их наяд долларын зах зээлийн үүдийг нээсэн түр хэлэлцээрийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн төлөө хийх ажил их байна. Мах сүү, арьс шир, ноос ноолуураа үнэд хүргэн, монгол малчид, үндэсний компаниудын олох ашиг орлогыг өсгөхийн тулд шийдэх асуудал их байна.
Манай улс дэлхийг нөмөрсөн цар тахал, түүний сүүдэр болсон худалдаа, тээвэр логистикийн хүндрэл, үнийн өсөлтийн сөрөг нөлөөнөөс салангид тусдаа байгаагүй нь үнэн ч, алдаа дутагдлаас хаацайлах шалтгаан энэ биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа ч оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно.
1. Улс орны эдийн засаг тэлж, 10 жилийн өмнө 22.9 их наяд төгрөг буюу 11.6 тэрбум доллар байсан ДНБ 2025 онд 89 их наяд төгрөг буюу 24.8 тэрбум доллар болж 4 дахин өссөн. 2026 онд ДНБ 100 их наяд давахаар байна. Зүйрлэвэл, 10 литр сүү 40 литр болж өсөж нэмэгдсэн нь үнэн боловч үр дүнг нь өрхдөө, иргэндээ хүргэж чадаагүй. Нэг хүнд оногдох ДНБ 2015 онд 3920 доллар байсан бол 2025 онд 7200 доллар болж өссөн ч өрх бүрд хүртээмжтэй хүрсэнгүй. Арван жилийн өмнө 6 их наяд байсан төсвийн орлого өнөөдөр 30 их наядыг давж 5 дахин өссөн ч олсноосоо илүү үрж зарж, олон боломжоо алджээ.
2. Экспорт 2015 онд 4.7 тэрбум доллар байсан бол 2025 онд 15.7 тэрбум доллар болж 3 дахин өслөө. 2015 онд жилд 25.8 сая тонн байсан нүүрсний экспорт 89 сая тонн болж 3.1 дахин, зэсийн баяжмалынх 1.35 сая тонн байсан бол 2025 онд 2.3 сая тонн болж 45 хувиар мөн өсжээ. Экспортын зах зээлд хүргэх дэд бүтэц, төмөр замаа тавьж холбон хөгжүүлж чадалгүй, нүүрсний үнэ өссөн зурвас үеийн бодит боломжоо бид алдсан. Энэ алдаагаа өнөөдөр хэд дахин өндөр үнэ, өртөг төлбөр, цаг хугацаагаар засаж залруулж байна. Алдагдсан боломжийн өртгийг хэзээ ч бүрэн нөхөж чадахгүй нь бас үнэн.
3. Цар тахлын хүндрэлийг харьцангуй амжилттай давж гарсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, улс орнуудын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, өсөлтийн тоо баримт бидэнд хэлж өгдөг ч цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляц, үнийн хөөсөнд идэгдсэн. Өндөр тоо байвч, өсөлтийн үр дүн эзнээ, иргэнээ тэр бүр олоогүй нь үнэн.
4. Үндсэн хуульдаа 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндэсний баялгийн сангаа үүсгэн байгуулсан. И-Монголиагаас хэд байгааг нь харчихдаг, иргэн бүрийн эрүүл мэнд, эрдэм боловсролдоо зориулах үүц нөөц, өмч хөрөнгө, өр биш өв үлдээх, эрх зүйн орчин бүрдсэн. Үндэсний баялгийн сангаа үүсгэн байгуулснаас хойших 6.8 их наяд төгрөг, нэг иргэний дансанд 175 мянган төгрөг хуримтлагдсаныг арвижуулан зузаалахын төлөө хийх ажил, хэлэлцэн шийдвэрлэх асуудал бидний өмнө байна. Үндэсний баялгийн сангаа амилуулан арвижуулж, олборлох салбарын ил тод байдлын санаачлаг өрнүүлж стратегийн ордуудын талаарх нэгдмэл ойлголтгүй, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхгүй явсаар ирсэндээ дүгнэлт хийж олон нийтийн хараа хяналтад оруулах нь чухал байна. Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь улс орон, ард түмэнд оногдох харилцан ашигтай байх зарчмаар хувийн хэвшилтэй хэлэлцэн ярилцаж, зөвшилцөн тохиролцох ажлаа илүү эрчтэй явуулах шаардлага тулгамдаж байна.
5. Манай улс өнгөрсөн жилүүдэд цааснаас цахимд илүү хурдан шилжиж байна. “Алганд багтсан төр” И-Монголиагаар гар утаснаасаа дэлхийн хаанаас ч ойрхон төрийн 1480 үйлчилгээг орон зай, цаг хугацааны хязгаарыг гэтлэн авдаг болсон. Монгол Улсын цахим засаглалын индекс 3 жилд 28 байр урагшилсан. Цааснаас цахимд шилжих нь зөвхөн төрийн үйлчилгээ бус. Авлига, хүнд суртлын эсрэг технологийн шийдэл, олон нийтийн хараа хяналтыг тогтоох шилэн засаглал юм. Газар олголт, ашигт малтмалын лиценз, тендер, нүүрс борлуулалт, засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг иргэн харах, мэдэх эрхийг хангах эрүүл нийгмийн дэд бүтцийг бий болгож, 820 мянган мөр өгөгдлийг шилэн системд нэгтгэсний тусламжтайгаар хиймэл оюуныг эх хэл дээрээ ашиглах боломж бүрдсэн.
6. Иргэний нисэхийн салбарт өрсөлдөөнийг нэмж, либералчилснаар нислэгийн тоо арван жилд 3 дахин нэмэгдэж, тийзийн үнэ хямдарч, аялал жуулчлалын салбар сэргэж эхэлсэн. Агаарын тээврийн салбар дахь өрсөлдөөний үр дүнд иргэний халааснаас гарах зардал буурсантай адил, банк санхүү, эрчим хүчний салбарт ч мөн чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэнээр хэрэглэгч хожих болно.
Харин бидний амжилтыг хойш чангаасан алдаа дутагдал юу байв? Бид тоог чанар болгож чадаагүй ээ. Бусдаас гал гэрэл, царайчилдаг хараат байдлаас салаагүй. Өсөлт тэлэлт нь үрэлгэн төсөв, данхар төр, инфляцад идүүлсэн. Хүргэлт ирлээ гэдэг шиг хүртээмж дутагдсан. Үр дүнгийн ихэнх нь цөөнхөд, бага нь олонход оногджээ.
1. Зээлээс зээл, өрнөөс өрийн хооронд өдөр хоногууд өнгөрч байна. Арван жилийн өмнөх зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20% өнөөдөр хэвээрээ байна. Эх үүсвэрийн өртөг нь өндөр, хугацаа нь бага, эдийн засгийн эрсдэл их, эрхзүйн орчин тогтворгүй байгаагийн улмаас өндөр зээлийн хүү, өрийн гинжин хэлхээнд орсон. Зээлийн өндөр хүү үнийн өсөлтөд шингэж, бүгдээрээ илүү төлж хохирч байна. Төсөв, сангийн бодлогын уялдааг хангах талаар ярьсаар “Засгийн газар нь мөнгө тарааж хөөрөгдөөд, Монголбанк нь бодлогын хүү өсгөж түүнийг барих гэдэг” хоёр тийш зүтгэсэн бодлогогүй бодлогын үр дагаварт өрийн гинжин хэлхээ, үнийн өсөлтөд нэрвэгдэж байна. Мөнгөний бодлого нь өөрөө мөнгөгүй болгох бодлого болон хувирчээ.
2. Үнийн өсөлт өндөр хэвээрээ байна. Цар тахал, тээвэр ложистик, түлш шатахуун гэх мэт олон шалтгаан байгаа ч олон нийт үүнийг шалтаг гэж үздэг. Өнөөдөр албан ёсны статистикт инфляц 8.2% гэж гарсан ч итгэх хүн цөөхөн байна. Үнэ буулгах гэж татвар төлөгчдийн мөнгөөр татаас өгөөд байдаг, татуулж хэзээ ч дуусдаггүй татаасны орон боллоо.
3. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах боллоо. Жилд 4.2 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт эрс татарч 2025 онд 50 хувиар багасжээ. Монголын За андгай буй заа гэдэг ёс зарчимтай атал хэлсэн ярьсандаа ч, хууль журамдаа ч байдаггүйдээ дүгнэлт хийх ёстой. Форум эвент зохиож, олон панелист төрлөө гээд хөрөнгө оруулагчдыг хамгаалахгүй. Хөрөнгө оруулалт зөвхөн мөнгө бус ажлын байр, авах цалин хөлс, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, дагаад өсөж өндийх компаниудын ашиг орлого, татвар хураамж, техник технологи, нөү-хау, шинэ соёл, дэвшлийг шууд болон шууд бусаар авчирдаг. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хуурамч эх орончдод хөөгдөж адлагдах гэж ирэхгүй ээ. Хөрөнгө оруулагчид ашиг орлоготой ажиллаж байж, татвар төлбөрөө төлж, түүгээр нь зам, сургууль, цэцэрлэг барьж, ажлын байр нэмэгдүүлж, цалин тэтгэвэр тавьдаг. Гадаадад бүү хэл дотоодод ч өөрсдөө ойлгохооргүй эрх зүйн орчин, попролын дон улс төрчдийн золиос нь хөрөнгө оруулагчид болсоор байна.
4. Эрчим хүчний салбарт тогтолцоо, хариуцлагын хямрал нүүрлэж, олон жил татаастай явж, үнийг хүчээр барьж, өрсөлдөөнийг боомилсны үр дагаврыг өнөөдөр мэдэрч үнэнтэй нүүр туллаа. Багануур, Тавантолгой, Шивээ-Овоо, Шүрэн, Эгийн гол, Эрдэнбүрэн гээд барьсан биш бариагүй цахилгаан станцуудын нэр усыг бүгдээрээ мэдэж авлаа. Тэд гэрэл асаахгүй, дулаан өгөхгүйг ч мэдэрлээ. Үнэ өртөг, техник технологи, менежмент, зохион байгуулалтын хувьд өвгөрч хуучирсан тогтолцоог үндсээр нь өөрчлөн шинэчилж чадахгүй бол урагшлах зам үгүй боллоо.
5. Халамжаас хөдөлмөрт гэж хэлдэг ч, хөдөлмөрөөс халамжид гэж хийдэг. Эзнээ олдоггүй хавтгайрсан халамж зорилтот бүлэгт хүрэх ёстой нийгмийн хамгааллыг суллаж, хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулж байна. Өнгөрсөн 10 жилд ажиллах хүчний оролцооны түвшин 61% болж буурсан нь олон улсын дунджаас 18 фунтээр бага байна. Өөрөөр хэлбэл ажил эрхлэх боломжтой 10 хүний ердөө 6 нь ажил хийж эсвэл ажил хайж байна. Хавтгайрсан халамжаасаа салж, хөдөлмөр эрхлэх орчныг чөлөөлж, хийе бүтээе гэсэн хэн бүхнийг дэмжмээр байна.
Бага хурлын эрхэм гишүүд ээ, эрхэм журмын нөхдөө
Сонгуулийн шинэ тогтолцооны үр дүнд улс төрийн таван нам, эвсэл, салбар салбар, сонирхлын олон бүлгийн өргөн төлөөллөөс бүрдсэн 9 дэх удаагийн Улсын Их Хурал хоёр дахь Намрын чуулганаа өндөрлүүллээ. Миний бие УИХ-ын даргаар сонгогдохдоо парламентыг 1-рт, олон ургальч үзэл бодол, мэргэжлийн мэтгэлцээний талбар байлгах, 2-рт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан, цаг үе, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн хууль, тогтоомж хэлэлцэн батлах, 3-рт, Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх, 4-рт, Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн ардчилсан парламент болж төлөвших дөрвөн зорилтыг эрхэмлэн ажиллахаа илэрхийлсэн. УИХ-ын танхимаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрдөг байх, иргэнээсээ илүү дархан эрх эдлэх ёсгүй гэдэг итгэл үнэмшлээр ажиллаж байна. Олон нам, олон салбарын төлөөллийн санал бодол, байр суурийг эрх тэгш хангах үүргээ эн тэргүүнд тавьж байна.
1. 2025 оны 6 дугаар сард байгуулагдсан Гомбожавын Занданшатарын Засгийн газрын хэрэгжүүлсэн цэгцрэх хөдөлгөөн, Баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүнд нүүрсний экспорт эргэн сэргэж гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа 7.0 тэрбум ам.долларын босгыг давлаа. Анх удаа 240 мянган иргэний санал хүсэлтийг шингээн тусгасан 2026 оны Монгол улсын Төсвийн тухай хууль хэлэлцэн баталлаа. Түүхэндээ анх удаа төсвийн зардлаа 2,3 их наядаар таналаа. Данхар төрөөс цомхон, бүтээмжтэй төр болох, зах зээл дэх төрийн хэт оролцоог нь хазаарлаж хувийн хэвшилдээ орон зай нээх шинэ зам зурайлаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нийт зардлыг 32 их наяд 980 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн алдагдлыг 1 их наяд 50 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1 хувьтай тэнцүү байхаар УИХ-р батлуулаа. Засгийн газрын гишүүдийн урсгал зардлаас 990.0 тэрбум төгрөг танаж, цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэр бий болголоо.
2. Төсвийн хууль дагуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төслүүд түншлэлээр хөдлөн хэрэгжих зам нээгдлээ. Төр хувийн түншлэлийн төсөл сонгон шалгаруулалт 12-18 сар байсан бол 1-6 сар болж багаслаа. Олон үе шатыг нэг шаттай болгож, аймаг, орон нутаг бие даан шийдэх эрх чөлөөтэй боллоо. Үр дүнд нь хэд хэдэн аймаг төр хувийн хэвшлийн түншлэлээр дулааны, нарны цахилгаан станц барих ажилдаа орлоо.
3. Эдийн засгийн эрх чөлөөний саад тотгорыг арилгах, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах, төсвийн сахилга батыг сайжруулах тухай Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн Зохицуулах Хороонд чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоол баталлаа. 2025 оны 3 дугаар улирлын байдлаар өрхийн нэрлэсэн дундаж орлого 2,9 сая төгрөгт хүрч өссөн ч зарлагаасаа 122 мянган төгрөгөөр бага байна. 11 дүгээр сарын байдлаар инфляц 8.2 хувьтай гарч, дарамт нь тэлэхийн хэрээр зээлийн хэмжээ өсөж цалин, тэтгэвэр нэмсэн шийдвэрүүд өрхийн бодит орлогын өсөлт багасах, хөдөлмөрийн зах зээл сулрахад хүргэж байна. Эдийн засаг, инфляцын тэнцвэртэй, мөнгө, төсвийн бодлого уялдах нэн шаардлагатай байна. “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” 16 багц арга хэмжээ бүхий Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх УИХ-ын тогтоол баталж, чуулган завсарлах хугацаанд хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.
4. Ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүд хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоол хэлэлцэн баталлаа.
5. “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эздийнх нь хүртэх үр өгөөжийг өсгөж нэмэх үндсэн зорилготой Хянан шалгах түр хороо бүрдэн ажиллаж, нээлттэй сонсгол зохион байгууллаа. Монголын талын хүртэх үр өгөөж 53 хувиас доошгүй байх, “Жавхлант”, “Шивээ толгой” ордыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг баримтлан ашиглах, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох үндсэн зарчмыг хангахуйцаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ирээдүйд Монголын талд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавартай хөрөнгө оруулалтад үүрэг үүрэг, эрсдэл хүлээхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт даалгалаа. Дэлхийд дээгүүрт орох Оюутолгойн ордод Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримтлах бодлогыг тодорхойлсон түүхэн шийдвэр боллоо.
6. Гомбожавын Занданшатарын Засгийн газрын боловсруулан өргөн мэдүүлсэн “Шинэ итгэл – Эрс шинэтгэл - Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэлэлцэн баталлаа. Хөгжлийн үндсэн чиглэл хүсэл мөрөөдлийн жагсаалт бус хэлэлцэн батлах хуультай журамтай, бодлогын баримт бичиг болж чадлаа. “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Төрийн бүтээмж, засаглал”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээр үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 362 үр дүнг хүрэх арга замтай нь тодорхойллоо. Хуульд заасны дагуу “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” баталлаа. Хөгжлийн төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, 30 тэрбум төгрөгөөс илүү өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэлтэй, зураг төсөлтэй, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой яв цав нийцсэн нийт 66.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг баталж, өнгөрсөн хугацааны эмх замбараагүй хүслийн жагсаалтыг цэгцэлж чадлаа.
7. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагалдуулан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганаар шийдвэрлэлээ. Монгол Улсад анх удаа зөвшөөрлийн биш мэдэгдлийн тогтолцоо, мэдэгдээд шууд ажлаа эхлэх боломжийг хаврын чуулганаар хуульчлан батална.
8. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн процессын хуулийн хэлэлцэх эсэхийг УИХ-н чуулганаар шийдвэрлэлээ. Монгол бол гурван иргэн тутмын хоёр нь хүүхэд, залуу хүн байдаг, эрч хүч, итгэл, ирээдүй дүүрэн үндэстэн. Энхрий үрс нь уйлдаг биш инээдэг, хүүхэд хамгаалал нь хоцорч хожимддог, хүнээ, хүүхдээ олохгүй төөрдөг байхыг хараад суух эрх ард түмний элч төлөөлөгчид, аав ээжүүд бидэнд үгүй. УИХ-ын даргын хувьд ч, дөрвөн хүүхдийн эцэг хүнийхээ хувьд ч хүүхдийн эрх, хүүхэд хөгжлийн асуудалд онцгойлон анхаарна. УИХ 2026 оныг хүүхдийн эрхийг хуульчлан хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах жил болгосонтой холбогдуулж УИХ-н хаврын чуулганаар Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульчлан хамгаалах зорилгоор Гэр бүлийн хууль, Гэр, бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг эн тэргүүнд хэлэлцэн батлах болно.
Бага хурлын гишүүд ээ!
Улс төрийн намын үзэл баримтлал нь өөрчлөн хувьсаж буй цаг үетэй дасан зохицож нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэчлэн өөрчлөгдөж байх нь үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг амилуулан баталгаажуулахад чухал үндэслэлтэй байдаг билээ. 31-р их хурлаар дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Ардын намын даргын хувьд боловсруулан дэвшүүлж буй “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ”- нь ч 4 тулгуур үндэслэлтэй.
1-рт, шинэ ардчилсан Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм соёлын үндсэн эрх, эрх чөлөө
2-рт, Өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, олон нийтийн хүсэл хүлээлт, нэхэл шаардлага
3-рт, Орчин цагийн намуудын дэвшил өөрчлөлт, дэг журам нь эрс хувиран өөрчлөгдөн буй дэлхийн чиг хандлага, олон улсын нөхцөл байдал
4-рт, Монгол Ардын нам үүсгэн байгуулагдах үеэсээ баримталсан үндэсний дэвшилтэт ардчилсан үзэл санаа. Монгол Ардын намын “Түмэнд зарлах тунхаг бичиг”, Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян”, намын анхны мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээлүүд үүний түүхэн үнэ цэнтэй баримт нотолгоо юм.
Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян”, Монгол үндэстний сэхээтэн Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээлийн үндэсний дэвшилтэт ардчилсан үзэл санаа зуу гаруй жилийн тэртээх цагийн хол, түүхийн тоосонд улирч мартагдах бус улам өнгө орж байна. Хүн төрөлхтний хөгжлийн үе шатыг үл алгасан, гүехнээс гүнд орохын адил шатлан дэвших Солийн Данзангийн, “Улсын эрх болбоос хүний эрхүүдийг дарлах, цаазлах үгүйгээр мандуулан хэрэглэж чадваас сая улс хүчирхэг болмуй” хэмээх Жамсрангийн Цэвээний, өөрийн үндэсний төр, шашин, соёлоо бадруулах Ардын намын анхны үзэл санаа амьд хэвээрээ байна.
Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт нь улс төрийн хэллэгээр бол хувьсгалын тохироо нь бүрджээ. УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн хүнд суртлын чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” санаачилгаар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн үндсийг суулгаж, үрийг нь тарьсан. Чөлөөлье санаачилга бол нэг хүний биш нийт олны хүсэл юм. Хийе бүтээе, ажиллаж хөдөлмөрлөе гэсэн хүн бүр өдөр бүхэн тамга, гарын үсэг, бичиг цаас, дүрэм журмын саадтай тулгарч байна. Хүнд сурталд чирэгдэж хохирсон, алагчлал ялгаварлалд өртсөн, өөрт тохиолддог өдөр тутмын амьдралаараа иргэд нотлон дэмжиж байна. Хот хөдөө хаа сайгүй “Чөлөөлье” гэж хүмүүс дуу хоолойгоо нэгтгэж байна. “Чөлөөлье” санаачилга Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм. Эдийн засгийн өсөлтийн тоо биш чанар, халтай халамжаас ээлтэй хөдөлмөрт шилжих зам билээ. Чөлөөлье санаачилга ийм энгийн бодит үнэн, хүн бүрийн хүсэл шаардлагаас урган гарсан нийгмийн хүлээлт байлаа.
Улсын тусгаар тогтнолын тулгуур нь Эдийн засгийн тусгаар тогтнол юм. Харин улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын үр үндэс нь иргэний эдийн засгийн эрх чөлөө юм.
Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар “Чөлөөлье” санаачилгыг хууль эрх зүй, хөтөлбөр бодлого, үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажилдаа орсон. Иргэнээ төрийн хэтийдсэн зохицуулалт, хүнд суртал, хууль журмын хуучирч хоцрогдсон, хийдэж давхардсан чөдөр тушаанаас чөлөөлж, төрийн үйлчилгээг хаалттайгаас нээлттэй, цааснаас цахимд шилжүүлэх асуудлын шийдлүүд юм.
Монгол Ардын намын Бага хуралд хандан дэвшүүлж буй гишүүн төвтэй Е-4 стратеги, түүнийг хэрэгжүүлэх УИХ-ын гишүүдийн ахалж, намын үе үеийн төлөөллийн оролцсон 11 дэд хорооны үйл ажиллагаа ч “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-тэй шууд уялдаатай, салшгүй хэсэг юм гэдгийг тодотгоё.
Бага хурлын эрхэм гишүүд ээ!
Ингээд Та бүхэндээ эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтөө танилцуулъя. Энэхүү бодлогын чиглэл, намын даргын баримтлах чих шугамыг МУ-ын Засгийн газар, УИХ, Нийслэл, дүүрэг, Аймаг, сумын МАН-ын бүлгүүд чанд хэрэгжүүлж дагаж мөрдөх учиртай. Нэг бодлого, нэг зарчим, нэг стандартыг мөрдсөн цагт цэгцрэх хөдөлгөөн өрнөж чөлөөлөлтийн бодлого амилах болохыг эрхэм журмын нөхөд анхааран ажиллахыг хүсэж байна
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ:
НЭГ ДЭХ ЗАМ: ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ
Хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлнө.
ХОЁР ДАХЬ ЗАМ: ЭРХ ЗҮЙН ЧӨЛӨӨЛӨЛТ
Хуулийн хулгай, хийдэл давхардал, дүрэм журмын гох дэгээнээс чөлөөлнө.
ГУРАВ ДАХЬ ЗАМ: НОГООН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ
Сэргээгдэх эрчим хүчний дундаршгүй их нөөц, өгөгдөлдөө түшиглэн, түлш шатахуун, тог цахилгааны импортын хараат байдлаас чөлөөлнө.
ДӨРӨВ ДЭХ ЗАМ: АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ
Монгол хүн, монгол өрх айл бүрийг тонон дээрэмдсэн авлигаас ард түмнээ, ардчилсан төрөө, Ардын намаа чөлөөлнө.
АДМИН







Нийгэм







