Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын хэсгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон, орхигдсон талбайг нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой Ажлын хэсгийн хурал 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр боллоо.
Ажлын хэсгийн хуралд Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар, Ашигт малтмал, газрын тосны газрын хайгуул, ашиглалтын газар, Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газар, Кадастрын хэлтсийн удирдлага, албан хаагчид оролцон ажлын хэсгийн удирдамж, төлөвлөгөөг хэлэлцэж, хийгдэж буй ажил, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Ажлын хэсгийн даргаас хууль бусаар ашигт малтмал олборлогчид болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд бүсчилсэн байдлаар хяналт шалгалт хийж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, эвдэгдсэн газрын хэмжээ, хохирол нөхөн төлбөрийг тооцон гаргуулж, нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн судалгааг гарган, дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарсан зардлыг тооцож гаргаж, байгууллагууд хоорондоо хамтран ажиллаж, мэдээллийг ил тод тухай бүр нийтэлж ажиллах талаар чиглэл өглөө.
Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн, гишүүдийг холбогдох арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг ирүүлэхийг үүрэг болголоо.
АДМИН








Нийгэм







