Өвөрхангай аймгаас төрөн гарсан улс, аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн өнөөдөр /2026.02.28/ аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Зөвлөгөөнийг “Арвагар хээр уяачдын холбоо”-оос зохион байгуулж, хүндэт зочдоор УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Монгол улсын тод манлай уяач П.Батсайхан, тус холбооны нарийн бичгийн дарга Ц.Ганбаатар, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд, “Арвагар хээр уяачдын холбоо”-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч аймгийн Алдарт уяач С.Нэргүй, Монгол улсын тод манлай уяач Б.Отгоннасан, Монгол улсын манлай уяач Д.Сугар, Монгол улсын манлай уяач Т.Энхбат, Монгол улсын алдарт уяач Т.Жигжидсүрэн, Г.Ариунболд, Т.Ганзориг, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ю.Үнэнбүрэн болон аймгийн 19 сумын уяачид зэрэг 250 гаруй төлөөлөгч оролцлоо.
Зөвлөгөөнд зочид, төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлж, хурдан морь унаач хүүхдийн эрхийг нэн тэргүүндээ тавьж, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч, хөгжих боломжийг хүндэтгэн үзэж байхыг санууллаа. Мөн хаврын уралдаан болон бусад хурдан морины уралдааныг зохион байгуулахад хууль эрх зүй, нэгдсэн бодлого хэрэгтэй байгааг онцолсон юм.
Энэ үеэр Монголын морин спорт уяачдын холбооноос 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны төлөвлөгөөгөө танилцуулав. Мөн “Арвагар хээр уяачдын холбоо”-оос уриалга дэвшүүлж, уяачдын саналыг сонсов.
Зөвлөгөөний үеэр аймгийн Алдарт уяачдын батламжийг гардуулж, Д.Гантөмөрт “Монгол улсын морь цоллооч” цолыг олгож, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”-аар Д.Батжаргал, Б.Чулуунтогтох нарыг, Монголын морин спорт уяачдын холбооны шагнал “Эрдэнийн Очир”, “Уяачдын алдар” одон, тэмдгээр амжилт гарган хөдөлмөрлөж буй 30 шахам уяачдыг тус тус шагнаж урамшууллаа.
АДМИН







Нийгэм







