Хаваржилт хүндэрсэн Дорнод аймгийн Халхгол суманд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч цасан шуурганы улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажилласаар байна. Хошууч Б.Отгонбатаар ахлуулсан алба хаагчид 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэд энэ сарын 28-ны өдрийн 22.00 цагийн байдлаар цасанд боогдож, хаагдсан 450 км замыг гарган автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцох боломжтой болгож, 86 өрхөд өвс тэжээл, хивэг хүргэж, цасанд дарагдсан өвөлжөө, малын хашаа саравчийг цэвэрлэхийн зэрэгцээ зам дагуу саатсан тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, иргэдийг үүсэж болох эрсдэлээс авран хамгаалсаар байна.
“Талын чоно”-ны томилогдсон бүрэлдэхүүн илүү олон малчдад богино хугацаанд хүрч ажиллахын тулд хошууч Б.Отгонбат, ахмад Д.Ганбаяр, дэслэгч Д.Анхбаяр, ахлах ахлагч С.Эрдэнэбаатар нараар ахлуулсан дөрвөн бүлэгт хуваарилагдан байгалийн гамшигт үзэгдэлд хамгийн ихээр өртсөн “Ялалт”, “Ташгайт” багууд болон сумын төвийн ойролцоох айл өрхүүдэд хариу нэхээгүй тусламжийг хүргэж байна. Энэ явцдаа цэргийн эмч дэслэгч Д.Анхбаяр цасанд боогдсон малчдад эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, шаардлагатай эмчилгээг хийж буй юм.
|
Эх сурвалж
| Зэвсэгт хүчний Жанжин штаб
|
АДМИН







Нийгэм








