“Манай улсад Сарны хиртэлт өнөөдөр орой ажиглагдана. Хиртэх хугацаа нь 18:32 минутаас 22:23 минут хүртэл нийтдээ 3 цаг 50 минут үргэлжилнэ. Бүтэн хиртэлт нь 19:04-аас 20:02 хүртэл 1 цаг орчим болно. Оргил үе нь 19:33 минутад ажиглагдах ба энэ үед Сар бүрэн цусан улаан өнгөтэй үзэгдэх болно. Нар 18:39 минутад жаргасны дараа хиртэлт улам тодорч сайн ажиглагдах болно” гэж Хүрэл тогоот одон орон судлалын төвөөс мэдээллээ.
Сарны хиртэлт хэрхэн болдог вэ?
Сарны хиртэлт нь Дэлхий Нар, Сар хоёрын дунд байрлах үед тохиолддог. Дэлхийн сүүдэр Сарны гадаргуу дээр тусаж, Сар гүн улаавтар, улбар шар өнгөтэй харагддаг.
Хэрхэн ажиглах вэ?
Сарны хиртэлтийг харахад тусгай төхөөрөмж шаардлагагүй. Гэхдээ илүү тод харахыг хүсвэл хотын хурц гэрлээс хол, харанхуй орчныг сонгоорой.
Хаанаас харагдах вэ?
3-р сарын 3-ны орой Зүүн Ази, Австралид; шөнөжин Номхон далайд; өглөө эрт Хойд Америк, Төв Америк болон Өмнөд Америкийн баруун хэсгээр бүтэн хиртэлт ажиглагдана. Төв Ази болон Өмнөд Америкийн ихэнх нутгаар хэсэгчилсэн байдлаар харагдах бол Африк, Европ тивд харагдахгүй.
Яагаад “цусан сар” гэж нэрлэдэг вэ?
Бүтэн сар хиртэх үед Сар бараан улаан эсвэл улбар шар өнгөтэй болдог тул “цусан сар” гэж нэрлэдэг. Учир нь Дэлхий нарны шууд гэрлийг хааж, харин агаар мандлаар шүүгдсэн улаан туяа Сарны гадаргууд хүрдэг. Энэ нь дэлхийн бүх нар мандах, жаргах агшны өнгийг нэгэн зэрэг Саран дээр тусгаж буйтай адил үзэгдэл юм.
Өөр юу ажиглаж болох вэ?
Хиртэлтийн үеэр Сарны гэрэл бүдгэрэх тул одод илүү тод харагдана. Энэ удаад Сар Leo (Арслангийн орд)-ын бүсэд байрлана.
Мөн 3-р сарын 8-нд Venus болон Saturn гаригуудын “холболт” ажиглагдана. Дэлхийгээс харахад эдгээр хоёр гариг ойрхон мэт харагдах ч бодит байдал дээр сансарт хоорондоо асар их зайтай оршсоор байх юм.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









