Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хэвшмэл ойлголтоо өөрчилье уриатай “Баяр уу? Эрх үү?” нөлөөллийн аяны зорилтот форум болох “1000 ЭМЭГТЭЙ, 1000 АМЬДРАЛ” нийгмийн хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр МУГТ М.Анхцэцэг-ээс тодрууллаа.
Тэрээр: Жендерийн асуудал маш хүчтэй яригддаг. Гэр бүлийн орчин чухал гэж бодсон. Аав, ээж хоёр цэргийн хүмүүс, нэг байгууллагад ажилладаг байсан. Хүүхдийн урлагийн үзлэг, өөрсдийн ажлаа амжуулахдаа хүртэл бүх зүйлд үргэлж хамт явдаг байсан. Бид нарт ямар нөлөө үзүүлсэн бэ гэж бодтол, бүх нөхцөл байдал аав ээжээсээ өвлөгдсөн байсан. Манай нөхөр жүжигчин, би тамирчин. Хоёулаа завгүй ажил хийдэг ч, хэн гэртээ байгаа нь гэрээ цэвэрлэх, хоолоо хийж, хогоо асгадаг. Аль нь мөнгөө олж байна, тэр нь санхүүгээ зохицуулна. Нэг нь уналттай байвал тэр үед нь санхүүгээ зохицуулж амьдарч ирсэн. Гэр бүлийн хүрээндээ эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэрлэх хэрэгтэй. Аав ээжийн хүмүүжил манай гэр бүлд нөлөөлөөд явж байдаг юм байна гэж дүгнэсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр аав гурван охиноо баярлуулж, баярын уур амьсгалтай өдрүүд байсаар ирсэн. Тэмдэглэлт өдрүүдийг аав ээж хоёр хамгийн гоё дурсамжтай өдөр болгох гэж тэмдэглэдэг. Би ч бас баяр ёслолын өдрүүдийг хүүхдүүддээ дурсамжид нь мартагдахгүй тэмдэглэж өнгөрүүлэхийг хичээдэг. Би хоёр хүүтэй, энэ өдөр бол намайг баярлуулах өдөр болдог. Олон асуудлууд бий. Охид нийгэмд бүх зүйл дээр адил тэгш эрхээр мэдэрч өсөөсэй гэж хүсдэг. Хүүхэд байхаас нь охид хөвгүүддээ бүх хүн эрх тэгш шүү гэдгийг ойлгуулаасай.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм









