НЯМЫН ЖИГЖИДСҮРЭН
1933-2026 он
Соёлын салбарын ахмад зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Нямын Жигжидсүрэн 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд хамтран зүтгэгчид нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Нямын Жигжидсүрэн нь 1933 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Дэлгэр-Өлзийт хэмээх газар тухайн үеийн төрийн албаны зүтгэлтэн Агийн Ням, Шагдарын Дэнсмаа нарын 3 дахь хүү нь болон мэндэлсэн.
Хэнтий аймгийн Батноров суманд дунд сургуулиа дүүргэж, цэргээс халагдаж ирээд 1958 онд Хэнтий аймгийн Батноров суманд нутгийн бүсгүй Загдын Сэлэнгэтэй гэр бүл бололцож гал голомтоо бадраажээ.
Цэрэгт байх хугацаандаа шилдэг цэргээр шалгарч тухайн үеийн төр засгаас хэрэгжүүлж бүх нийтийг соёлжуулах компанит ажлын хүрээнд кино механикчийн курсийг амжилттай дүүргэсэн байна.
1958 оноос 1981 оныг хүртэл тасралтгүй 23 жил сумандаа суурин кино цэг байгуулж, кино механикчаар ажиллаж, кино урлагаар дамжуулан хөдөөгийн иргэдэд ахуйн соёлыг нэвтрүүлэх, төр засгийн үйл хэргийг сурталчлан таниулах, соёлын үйлчилгээний үндсийн тавих их үйлсэд хөдөлмөр, зүтгэлээ зориулсан билээ. 1981 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод шилжин суурьшиж Хэнтий аймгийн Кино театрт монтажчин, ахлах монтажчинаар ажиллаж байгаад 1992 онд өндөр насны тэтгэвэртээ гарчээ.
Тэрбээр идэвхтэй амьдралынхаа бүх цаг хугацааг соёлын салбар, тэр дундаа кино урлагаар ард түмэндээ үйлчилж, нутгийн олон түмэндээ “кино механикч” гэдэг овогтой болтлоо хоёргүй сэтгэлээр зүтгэсэн билээ.
Нямын Жигжидсүрэн улсад 34 жил ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ зориулсан, удам дагасан төрийн хар хүн, соён гэгээрүүлэгч байсан юм. Н.Жигжидсүрэнгийн ард олноо соён гэгээрүүлэхэд оруулсан үйл хэргийг төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн медаль, 1972 онд социалист хөдөлмөрийн гавшгайч цол, 1973 онд соёлын яамны жуух бичиг, 1974 онд Засгийн газрын жуух бичгээр шагнаж, улмаар 1973 онд Хэнтий аймгийн Ардын хурлын депутатаар сонгож, 1978 онд БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2017 онд Алтан гадас одонгоор тус тус шагнаж байжээ.
Нямын Жигжидсүрэн 9 хүүхдийг төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн буянтай буурал юм. Тэрбээр нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороонд амьдарч байгаад 2026 оны 3 дугаар сарын 2-ний өдөр 93 насандаа насан хутгийг олсон юм.
Нямын Жигжидсүрэнгийн хөдөлмөрч хичээнгүй, нягт нямбай, тэсвэр тэвчээртэй, хамт олондоо түшиг тулгууртай, эгэл даруухан, элгэмсэг, энэрэнгүй сэтгэл, гэгээн дүр төрхийг бид үүрд санан дурсах болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид
АДМИН








Нийгэм









