М-Си-Эс Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийг иж бүрэн шинэчилж байна.
Тус эмнэлэг 1942 онд байгуулагдсан бөгөөд барилгын их засвар, шинэчлэл шаардлагатай эмнэлгүүдийн нэгт тооцогддог. 2025 онд Төрөх тасагт 1,236 эх амаржсан бөгөөд жил бүр 1,300 орчим нярайг аюулгүй, тав тухтай орчинд хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлж буйгаа танилцууллаа.
3 давхар, 1,774.08 мкв талбай бүхий барилгад иж бүрэн засвар хийж, цонх, хаалга, фасад, сантехник, цахилгаан, агаар сэлгэлт, дээвэр, холбоо дохиолол, сувилагчийн дуудлага, хий хангамж, камержуулалтыг бүрэн шинэчлэх юм.
Засварын ажлыг 2025 оны 11 дүгээр сараас “Номин ундрах өргөө” ХХК хийж эхэлсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл мэндийн салбарт оруулж буй хувийн хэвшлийн томоохон хөрөнгө оруулалт нь бусад аймагт жишиг болон хэрэгжих боломжтойг онцолж компанийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газарын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжихээр тусгасан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр татвар төлөгч нь нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, хандив, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд татвар ногдох орлогын нэг хувь хүртэлх дүнг төлөх албан татвараас шууд хасуулах боломжтой болсон.
Тухайлбал, татвар ногдох орлого 500 сая төгрөг бол 5 сая төгрөг хүртэлх дэмжлэгийг татвараас хасуулах боломжтой.
Байгаль орчин хамгаалах, орчны бохирдлыг бууруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, соёлын өвийг хамгаалах, нийтийн эзэмшлийн зам талбай байгуулах, гамшгийн хохирлыг бууруулах, биеийн тамир спорт, боловсрол, шинжлэх ухаан, төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагыг дэмжих зэрэг чиглэлд хэрэгжүүлсэн төсөл, санаачилгууд энэхүү хөнгөлөлтөд хамрагдаж болдог байна.
Баянхонгор аймагт хийсэн Эрүүл мэндийн сайд болон бусад албаны хүмүүсийн томилолт эмч, сувилагч, ажилтнуудтай хийсэн уулзалт, нээлттэй ярилцлагаар өндөрлөлөө.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм









