Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн 2025 оны хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээг танилцуулах арга хэмжээ боллоо. Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээчид болон Ажлын албаны холбогдох төлөөллүүд тус яаманд ажиллаж, дүн шинжилгээний үр дүнг танилцууллаа. Тус дүн шинжилгээг Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу 11 бүлэг, 48 шалгуур үзүүлэлтэд үндэслэн 0, 50, 100 онооны аргачлалаар үнэлж, нэгдсэн дүнг тооцсон байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжилтийн хувь 2023 онд 45.0, 2024 онд 34.0 байсан бол 2025 онд 51.5 хувьд хүрч, нийт үнэлгээ 51.46 хувьтай гарсан байна. Хэдийгээр өсөлттэй үзүүлэлт гарсан ч салбарын эрх зүйн орчин, бодлого төлөвлөлт, хөдөлмөрийн харилцаа, байгууллагын дотоод тогтолцоонд жендэрийн эрх тэгш байдлыг бүрэн шингээх шаардлага байгааг танилцуулгын үеэр онцлов.
Танилцуулгатай холбогдуулан БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр жендэрийн эрх тэгш байдлыг зөвхөн тайлангийн үзүүлэлтээр бус салбарын бодлого, бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, гүйцэтгэлийн үнэлгээ, төсөв санхүүгийн төлөвлөлтийн түвшинд системтэй тусгаж, бодит үр дүнгээр хэмжих шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр хүйсээр ангилсан тоон мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргалтыг хэвшүүлэх, цалин хөлс, хөдөлмөрийн оролцоо, албан тушаалын түвшин дэх тэнцвэрт байдлыг хүний нөөцийн бодлоготой уялдуулан сайжруулах, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг үе шаттай нэвтрүүлэх, ажлын байрны орчинд ялгаварлан гадуурхалтаас ангид, тэгш боломжийг бодитоор хангах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Мөн салбарын жендэрийн зөвлөл, дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хяналт, тайлагналын тогтолцоог тогтмолжуулах нь хэрэгжилтийн чанарыг ахиулах суурь нөхцөл болохыг тэмдэглэв.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм









