Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө “Ургамал хамгааллын газар” тухайн барааны эрсдэлийг тооцож, импортын мэдэгдлийг олгодог.
Мөн амьд цэцэг, гоёл чимэглэлийн ургамлыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ доорх баримт бичгийг бүрдүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулан улсын хилээр нэвтрүүлдэг. Үүнд:
- Мэргэжлийн байгууллагаас олгосон “Импортын мэдэгдэл”
- Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ”
- Гадаад худалдааны дагалдах баримт бичиг
- Лабораторийн шинжилгээний дүгнэлт
Тухайлбал энэ сарын 5-ны өдөр Замын-Үүд боомтоор импортолсон сарнай, лили /сараана/ цэцгийн дээжид пестицидийн үлдэгдлийг тодорхойлох шинжилгээг нимгэн үет хроматографийн аргаар гүйцэтгэж үзэхэд хлорорганик болон фосфорорганик пестицидийн үлдэгдэл илрээгүй гэсэн хариу гарсан.
Иймд “Импортлогдож буй амьд цэцгийн баглаа, чимэглэлийн ургамал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц химийн бодис агуулсан” гэх мэдээлэл нь огт үндэслэлгүй болохыг ГЕГ-аас мэдэгдлээ.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









