Dark Light
Нийгэм | 2026-03-10

БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ХЗДХЯ БОЛОН МҮХАҮТ ХАМТРАН АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Хууль зүй, дотоод хэргийн яам болон МҮХАҮТ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хөгжлийг сааруулж буй шударга бус бизнесийн орчныг халах, хүнд суртал, авлигаас ангид эрх зүйн шинэчлэлийг бодит ажил болгоход чиглэж байна. 

Талууд санамж бичгийн хүрээнд Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах замаар төрийн байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгчдэд учруулдаг аливаа үндэслэлгүй дарамт, шахалтыг арилгахад онцгойлон анхаарч ажиллахаар тохиролцов.

Монгол Улсад бизнес эрхлэх таатай орчин бүрдэхгүй байгаа гол шалтгаануудын нэг нь хуулиас давсан дүрэм, журмын зохицуулалтууд бөгөөд үүнийг өөрчлөхийн тулд бизнес эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаатай шууд холбогддог төрийн болон зохицуулах байгууллагуудын зүгээс гаргасан дүрэм, журам, заавар, аргачлалд нарийвчилсан дүн шинжилгээ хийхээр тогтлоо. Ингэснээр хуульд нийцээгүй, шударга бус өрсөлдөөнийг дэмжсэн, авлига үүсэх нөхцөл бүрдүүлсэн "зөвшөөрлийн шинжтэй" бүхий л захиргааны актуудыг илрүүлж, хүчингүй болгох юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав уулзалтын үеэр "Монгол Улс хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь бизнесийн салбар дахь шударга бус байдал юм. Татварын шүүх болон гаалийн харилцаанд үүсдэг эрх зүйн тодорхойгүй байдал, шударга бус шийдвэрүүд нь бизнес эрхлэгчдийн итгэлийг алдагдуулж байна. Танхимын дэргэдэх Хуулийн бодлогын зөвлөл ХЗДХЯ-тай хамтран эдгээр салбарт үүсээд буй журмын дарамтыг арилгахад манлайлан оролцох болно. Шударга бизнес эрхлэгчдийг дэмжсэнээр Монгол Улс хөгжих боломж нээгдэнэ" хэмээн онцлов.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр бизнесийн орчныг сайжруулах, төрийн дарамтыг багасгах хүрээнд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын 3000 орчим журмыг цэгцлэх шаардлагатай байгааг онцлов. Тэрээр хэлсэн үгэндээ эдгээр журмууд нь ихэвчлэн хуульд заагаагүй шинэ хязгаарлалт, зөвшөөрлийн шинжтэй зохицуулалтуудыг агуулж, бизнес эрхлэгчдийн эрхийг үндэслэлгүйгээр боомилж байгааг дурдаад, энэхүү "журмын дарамт"-ыг бүрэн цэгцэлж, зөвхөн хууль засагладаг орчныг бүрдүүлэх нь бизнесийн орчныг эрүүлжүүлэх суурь шинэчлэл болохыг тэмдэглэлээ. Төрийн байгууллагуудын зүгээс гаргаж буй журам бүр хуульд нийцэж, бизнест ээлтэй байх ёстой бөгөөд санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой энэхүү "3000 журмын цэвэрлэгээ" нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх гол хөшүүрэг болох юм гэлээ. 

Хамтын ажиллагааны хүрээнд МҮХАҮТ-ын дэргэдэх мэргэшсэн хуульчид болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг хууль тогтоомжийн төсөл боловсруулах шатанд идэвхтэй оролцуулах бөгөөд бизнес эрхлэгчдээс Танхимд ирүүлсэн эрх зүйн орчинтой холбоотой бодит гомдол, саналыг Яаманд уламжлан шийдвэрлүүлж, олон нийтийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах юм.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний актын лавлагаа, мэдээллээр Танхимыг тухай бүр хангаж, судалгаа, дүн шинжилгээний ажилд мэргэжил, арга зүйн удирдлагаар дэмжлэг үзүүлнэ.

Харин МҮХАҮТ-ын зүгээс боловсруулсан хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх ажиллагаанд салбарын дуу хоолойг хүргэж ажиллахаар боллоо. Санамж бичгийн хэрэгжилтийг ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар болон МҮХАҮТ-ын Бодлого, стратегийн газар хариуцан зохион байгуулж, хамтарсан ажлын төлөвлөгөөний дагуу явцыг сар, улирал тутам дүгнэн ажиллахаар харилцан тохиролцов.

Санамж бичигт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Уулзалтад МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваа болон холбогдох газрын мэргэжилтнүүд байлцлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00