Сургууль бол хүүхэд мэдлэг эзэмшихийн зэрэгцээ нийгэмшиж, өөрийгөө хөгжүүлэх орчин байдаг. Гэвч энэ орчинд хүүхдүүдийн хооронд үе тэнгийн дээрэлхэлт буюу дарамт, хүчирхийлэл үүсэх нь улсын хэмжээнд анхаарал татсан ноцтой асуудал болоод байна. Үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүй, сурлагын амжилт, цаашдын амьдралд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг.
Үе тэнгийн дээрэлхэлт гэж юу вэ?
Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг нь ижил насны хүүхдүүд бие биедээ давтан, санаатайгаар бие махбод, сэтгэлзүй, хэл амаар дарамт учруулах үйлдлийг хэлдэг. Энэ нь зодох, түлхэх, доромжлох, хоч өгөх, гадуурхах, эсвэл цахим орчинд доромжлох зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Судлаачдын тодорхойлсноор дээрэлхэлт нь “давтамжтай, санаатай, хүчний тэнцвэргүй байдлыг ашигласан түрэмгий үйлдэл” гэж тодорхойлогддог.
Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг улсын асуудал биш, дэлхий даяар түгээмэл үзэгдэл юм.
- НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын судалгаагаар дэлхий даяар сурагчдын бараг 32 хувь нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан гэж мэдээлжээ.
- Мөн жил бүр 246 сая орчим хүүхэд, өсвөр үеийнхэн сургууль орчимд хүчирхийлэл, дээрэлхэлтийн ямар нэг хэлбэрт өртдөг гэсэн тооцоо байдаг.
- Цахим орчин хөгжихийн хэрээр 10 хүүхэд тутмын нэг нь цахим дээрэлхэлтэд өртдөг болсон байна.
Эдгээр тоо баримт нь сургуульд тохиолдож буй дээрэлхэлт нь хүүхдийн эрх, боловсролын орчинд ноцтой нөлөөлж байгааг харуулж байна.
Монгол Улсад ч энэ асуудал оршсоор байна. Улсын хэмжээнд 2024–2025 оны хичээлийн жилд 885 сургуульд 797 мянга гаруй сурагч суралцаж байгаа бөгөөд хүүхдийн аюулгүй орчны асуудал боловсролын салбарын анхаарал татсан сэдэв хэвээр байна.
Зарим судалгаагаар дотуур байртай сургуулиудад явуулсан судалгаанд дотуур байрны 76.2 хувьд хүүхдүүдийн хооронд дээрэлхэх, дарамтлах явдал ямар нэг хэмжээгээр гардаг нь тогтоогджээ. Мөн өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар зарим хүүхэд долоо хоногт дор хаяж нэг удаа дээрэлхэлтэд өртдөг бөгөөд багш, эцэг эхийн оролцоо хангалтгүй байгааг судалгааны үр дүн харуулсан байна.
Судлаачдын үзэж байгаагаар үе тэнгийн дээрэлхэлт дараах шалтгаанаас үүсэх нь түгээмэл байдаг:
- Гадаад төрх, ялгаатай байдал – хүүхдүүдийн биеийн хэлбэр, төрх, хувцаслалт, гарал угсаа зэргээс болж шоолох.
- Гэр бүлийн орчин – хүчирхийлэлтэй эсвэл үл хайхрах орчинд өссөн хүүхдүүд бусдыг дээрэлхэх хандлагатай байх.
- Сургуулийн орчны хяналт сул байх – багш, удирдлагын анхаарал сул үед дээрэлхэлт илүү их гардаг.
- Сошиал орчин – цахим сүлжээний нууцлал, нэрээ нууцлах боломж нь цахим дээрэлхэлтийг нэмэгдүүлдэг.
Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн тухайн хүүхдэд бус нийгэмд ч сөрөг нөлөөтэй. Судалгаагаар дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд:
- ганцаардал, сэтгэл гутралд өртөх магадлал хоёр дахин өндөр байдаг
- нойргүйдэл, айдас, амиа хорлох бодол төрөх эрсдэл нэмэгддэг
- Мөн сурлагын амжилт буурч, зарим тохиолдолд сургууль завсардах шалтгаан болдог.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад дараах арга хэмжээ чухал байдаг:
- Сургуульд дээрэлхэлтийн эсрэг бодлого, дүрэм хэрэгжүүлэх
- Багш, нийгмийн ажилтны сэтгэлзүйн зөвлөгөөний үйлчилгээ нэмэгдүүлэх
- Эцэг эх хүүхдийн зан төлөвийн өөрчлөлтийг анхаарах
- Хүүхдүүдэд харилцан хүндлэл, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх боловсрол олгох
Үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхдийн сэтгэл зүй, боловсрол, нийгмийн хөгжилд шууд нөлөөлдөг томоохон асуудал юм. Иймээс сургууль, гэр бүл, нийгэм хамтран ажиллаж, хүүхэд бүрт аюулгүй, хүндэтгэлтэй орчин бүрдүүлэх шаардлагатай байна.
Б.ЭНХЗАЯА





Нийгэм









